Хойд Солонгосын эсрэг хоригийг баталжээ

2016 оны 3 сарын 3

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл лхагва гаригт /III.2/ Хойд Солонгосын эсрэг хоригийг өргөжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэн санал нэгтэйгээр баталсан байна. АНУ нь Хятадын талын саналыг харгалзан Хойд Солонгосын эсрэг хатуу хоригийн тогтоолын төслийг боловсруулсан юм. Уг тогтоолын төслийг мягмар гаригт хэлэлцэх байсныг нэг өдрөөр хойшлуулсан байв. Хойд Солонгос нэгдүгээр сард цөмийн туршилт хийж, өнгөрсөн сард хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөснөөр Аюулгүйн зөвлөл Пхеньяны эсрэг шинэ хориг тавихаар болсон юм.

 

АНУ, Барууны орнууд, Япон улс Хойд Солонгосын эсрэг хоригийг түргэн хугацаанд өргөн хүрээтэй хэрэгжүүлэхийг хүсч байгаа бол Хятад улс Пхеньяны эдийн засаг нурж, тогтвортой байдал алдагдахыг хүсэхгүй байгаа юм.

 

Хойд Солонгос анх 2006 онд цөмийн туршилт хийснээс хойш өнгөрсөн нэгдүгээр сарынх дөрөв дэх удаагийнх нь болжээ. Сүүлчийн цөмийн туршилтаар Пхеньян  устөрөгчийн бөмбөг туршсан хэмээн мэдэгдсэн нь олон улсыг цочроосон билээ.

 

 

Хойд Солонгосын эсрэг хоригт:

  • Хойд Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт ашиглагдах нүүрс, төмөр, төмрийн хүдэр, алт, титан, ванади зэрэг газрын ховор материалын экспортыг багтаав.

  • Мөн нисэх онгоцны шатахуун, керосины төрлийн пуужингийн түлш нийлүүлэхийг хориглов.

  • Хойд Солонгостой цэрэг, цагдаагийн хамтын ажиллагаа хийхийг хориглож, Африк дахь сургалтын хөтөлбөрийг зогсоожээ.

  • Хөлөг онгоц, цасны чарга зэрэг спортын бүтээгдэхүүн болон бугуйн цаг гэх мэт тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хориглов.

  • Хойд Солонгосын цөм болон пуужингийн хөтөлбөрт хамааралтай 16 хувь хүн, 12 байгууллагыг хоригийн хар жагсаалтад нэмжээ.

  • Пхеньянтай банк, санхүүгийн салбарт хамтран ажилласан компани, Хойд Солонгосын цөм, пуужингийн хөтөлбөртэй холбогдсон хуулийн этгээдийн хөрөнгийг царцаах зэрэг олон хориг арга хэмжээг шинээр оруулсан байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS,AFP, ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна