Д.Ууганбаяр: Иргэд маань монгол эмч, эмнэлэгтээ итгэдэг болох хэрэгтэй

2016 оны 3 сарын 3

“Мөнгөн гүүр” төв эмнэлэг. Энэ бол эрүүл мэндийн салбарт 2015 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн эмнэлэг. Байгуулагдаад удаагүй ч олны анхаарлыг хэдийнэ татсан тус эмнэлгийн Ерөнхий захирал Д.Ууганбаярын ярилцлагад таны анхаарлыг хандуулья. Гэмтлийн үеийн яаралтай түргэн тусламж хүлээн авах 24 цагийн үйлчилгээ, энэ чиглэлийн бүхий шатлалын эмчилгээг нэвтрүүлсэн анхны хувийн хэвшлийн эмнэлэг гэдгээрээ тэр ялгарч эхэлсэн. Мөн тус эмнэлэг гэмтлийн үеийн болон нөхөн сэргээх эмчилгээнээс гадна олон улсын стандарт шаардлагад нийцсэн, хамгийн орчин үеийн дүрс оношилгоо, клиник лаборатори, ангиографи, уушиг, ходоодны дурангийн оношилгоо, дотор, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, зүрх судасны мэс заслын эмчилгээгээр иргэдийн танил болж амжжээ. Нэг жилийн хугацаанд 47 мянга 500 гаруй өвчтөнд үйлчилж эмнэлгийн салбарт тодорхой хувь нэмрээ оруулан улсын эмнэлгийн ачааллыг тэр хэмжээгээр үүрэлцсэн байна. Эрүүл мэнд, спортын яам тус эмнэлэгт 100 өвчтөн хүлээн авч хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангасныг магадлан итгэмжилж, батламж олгосон юм.

-Комьпютер, томографийн оношлогоо, гэмтлийн үеийн мэс засал, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр бол “Мөнгөн гүүр” эмнэлэгт ханд гэж хүмүүс нэгэндээ зөвлөдөг болж. Богино хугацаанд эрэлттэй эмнэлэг болж танигдсаны учир нь юунд байна вэ?

-Монголчууд маань эх орондоо олон улсын стандартад нийцсэн оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжоор хангагдах ёстой гэдэг зорилгыг бид өмнөө тавьж, эдийн засгийн үр ашгийг биш эх оронч сэтгэл, нийгмийн хариуцлагаа урьтал болгон “Мөнгөн гүүр” эмнэлгийг шинэ техник тоног төхөөрөмж, шинэ менежментээр зохион байгуулаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Анагаахын шинжлэх ухаанд нэвтрээд буй хамгийн орчин үеийн оношилгооны аппарат, тоног төхөөрөмжинд суурилсан манай оношилгоо, шинжилгээ Монголын эрүүл мэндийн салбарт хийгдсэн томоохон хөрөнгө оруулалт болсон юм. Тэр тусмаа гадаадын биш үндэсний хөрөнгө оруулалт гэдгээрээ онцлогтой. Олон улсын стандартын, орчин үеийн шаардлага хангасан жишиг эмнэлэг байгуулах юм сан, цаашид хэдэн арван жилдээ амжилттай ажиллах юм сан гэдэг хүсэл тээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ нэг жилийн хугацаанд бид хамгийн хариуцлагатай, чанартай эмнэлэг болох том зорилгодоо гологдохгүй юм шүү гэж хичээн зүтгэсэн.  Өнөөдөр өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болж, ижил түвшний үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас зарим талаараа ялгарч эхэлж байна. Энэ нь сайн технологид хөрөнгө оруулалт хийж, сайн мэргэжилтэн, шилдэг баг хамт олон бүрдүүлж ажилласны маань үр дүн, хамтын хичээл зүтгэл юм даа.

-Монголд хувийн хэвшлийн эмнэлгүүд үүсч хөгжөөд багагүй удсан ч гэмтлийн яаралтай түргэн тусламж хүлээн авах, энэ чиглэлээр дагнасан эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг нь ганц танай эмнэлэг болж байна. Тэр байтугай энэ чиглэлд улсдаа ганцхан эмнэлэгтэй явж ирсэн шүү дээ. Ачаалал хэр байна?

-Гэмтлийн үеийн яаралтай тусламж, эмчилгээгээр төрөлжсөн улсын хэмжээний ганц эмнэлэг бол Гэмтэл согог судлалын үндэсний төв. Энэ эмнэлгийн ачаалал асар их, эмч мэргэжилтний хүрэлцээ тааруу гээд үнэхээр хүндрэлтэй нөхцөл байдалд ажилладаг. Энэ нь тухайн эмнэлгийн асуудал гэхээсээ илүү эрүүл мэндийн салбарын хэмжээний асуудал болж хувирсан. Үйлчлүүлэгчид тусламж авч чадахгүй цаг алдах, ор хүлээх зэрэг хүндрэл, бэрхшээлтэй тулгардгаас болоод ачаалал багатай гэдэг үүднээс манайхыг зорьж ирэх болсон. Бид энэхүү эрэлт, хэрэгцээг харгалзан гэмтлийн яаралтай тусламжийн 24 цагийн хүлээн авах үйлчилгээ нээснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг хуваалцаж байна. Гэхдээ манай эмнэлгийн хүчин чадал, нөөц бололцоо гэмтлийн үеийн тусламж, эмчилгээгээр хязгаарлагдахгүй гэдгийг энд онцолмоор байна.

Бид Улсын клиникийн нэгдсэн III эмнэлэгт хийдэг оношилгоо, эмчилгээг хийж байна. Компьютер, томографийн оношилгооны төхөөрөмжүүд, түүнчлэн улсын хэмжээнд ердөө ганц байсан, Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ангиографийн аппаратыг дахин нэгээр нэмж шинээр оруулж ирсэн. Ангиографийн аппаратын тусламжтайгаар нэг жилийн хугацаанд бид 100 гаруй хүнд оношилгоо үйлчилгээ үзүүлсэн байна. Манай эмнэлэг дээр энэ төрлийн оношилгоо, үзлэгийг өмнө нь Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байсан Дани улсын эмч хийж байгаа. Бид ер нь гадаад харилцаандаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж, гадаадын эмч мэргэжилтнүүдийг байнга урьж ажиллуулж ирсэн юм. Манайхан олноороо очиж эмчлүүлдэг БНСУ-аас байнга эмч урьж ажиллуулдаг. Өнгөрсөн хугацаанд Солонгос улсын эмч нартай хамтраад өөрийн эмнэлэг дээр 50 орчим хүнд нурууны мэс засал хийсэн нь амжилттай, үр дүнтэй болсон.

-Дээр дурдсанаас гадна элэгний хатуурал, өөхжилт тодорхойлох хамгийн орчин үеийн технологийн оношилгоог танай эмнэлэгт хийдэг гэж сонссон. Энэ талаар тодруулна уу?

-Тийм ээ. Олон улсын хамгийн сүүлийн үеийн “Фиброскан” оношилгооны аппаратаар өвчтөнд ямар ч зовиургүйгээр, тун богино хугацаанд элэгний хатуурал, өөхжилтийн зэргийг тодорхойлж байна. Шинжилгээний хариу тоон утгаар гардаг учраас алдаа гарах нь харьцангуй бага, элэгний өөхжилтийн хувь, хатуурлын үе шатыг зэрэг үнэлдэг юм. Өмнө нь энэ төрлийн аппарат манай улсад ердөө нэг байсан нь зөвхөн элэгний хатуурлыг л тогтоодог байсан. Түүнчлэн манай практикт цусны шинжилгээгээр хатуурлыг оношилж ирсэн. Харин манайд суурилуулсан аппарат цусны шинжилгээний шаардлагагүйгээр хатуурлаас гадна өөхжилтийг зэрэг тогтоодгоороо онцлог юм. Оношилгооны арга улам бүр хялбар, хурдан болж байна гэсэн үг юм.

Мөн Японы “Sysmex” фирмийн лабораторын иж бүрэн шинжилгээ хийдэг аппаратыг бид үйлчилгээндээ нэвтрүүлсэн юм. Өдөрт 100 ба түүнээс дээш хүнд нарийн шинжилгээ хийх хүчин чадалтай, нэг хүний шинжилгээний хариу 18 минутын дотор гарах боломжтой гээд энэ аппаратын давуу тал их.

-“Мөнгөн гүүр” эмнэлгийн үйлчилгээг иргэд, үйлчлүүлэгчид төдийгүй эрүүл мэндийн салбарын удирдлагууд хүлээн зөвшөөрч, энэ ч утгаараа магадлан итгэмжлэл олгожээ.

-Манай үйлчилгээний давуу тал, шинэ технологи, оношилгоо нь яах аргагүй сайн хөрөнгө оруулалтын үр дүн. Эрүүл мэндийн салбарын удирдлагууд бидний нэг жилийн хугацааны идэвх санаачилга, шинэлэг техник, технологи нэвтрүүлсэн байдлыг үнэллээ. Нөгөө талаар төсөв, хөрөнгө оруулалт дутагдалтайгаас шалтгаалаад эрүүл мэндийн салбар урагш ахихгүй байгаа болохоос биш бодлогоо зөв тодорхойлоод энэ салбарын хөрөнгө оруулагчдаа дэмжиж чадах юм бол эрүүл мэндийн хяналт, стандартыг сайжруулах бололцоо, боловсон хүчний нөөц манайд хангалттай бий. Гол нь салбарын бодлогыг тодорхойлогчид хувийн салбарын хөрөнгө оруулагчдаа бодлогоор зөв дэмжиж өгөх нь ямар үр дүнтэйг “Мөнгөн гүүр” эмнэлэг харуулж байна. Мэдээж бид зөвхөн  нэг жишээ нь юм. Өнөөдөр “Гранд мед”, “Сонгдо”, “Гурван гал” зэрэг цөөнгүй эмнэлгүүд энэ салбарын ачаанаас үүрэлцэж, амжилтыг нь ахиулахад хувь нэмрээ оруулаад явж байна.

-Хувийн эмнэлгээр үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүс олон байдаг ч тэд төлбөр өндөр гэдгээс болж нэлээн дөлдөг. Танай үйлчилгээний тарифын жишиг ямар түвшинд байгаа вэ?

-Хэчнээн их хүсэл байсан ч төлбөр өндөртэй гэдэг ойлголтоосоо болоод хүмүүс томоохон эмнэлгүүд рүү халгаад очдоггүйг мэднэ. Манай үйлчилгээний тариф бусад эмнэлгийнхээс 30-40 хувиар хямд. Хэвтэн эмчлүүлэхэд ор хоногийн үнэ 50 мянган төгрөг. Үүнд хоол, эм эмчилгээ, физик эмчилгээ бүгд багтаж байгаа. Ерөнхийдөө нийгмийн дундаж түвшнийхэнд үйлчлэх боломжтой гэж ойлгож болно. Улсын эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд эмч сувилагчдыг их, бага хэмжээгээр хүлээж цаг алдаад, хүнд суртал давж байж асуудал шийдэгддэг жишиг тогтоод удсан. Энэ бүгдэд зарцуулсан цаг хугацаа, хөрөнгө мөнгө хувийн эмнэлэгт өгсөн төлбөртэй үндсэндээ дүйнэ шүү. Тэгэхээр хувийн эмнэлэгт хандаад, төлбөрөө төлөөд, хэний ч өмнө очиж гуйлгүй, ямар ч хүндрэлгүй эрүүл мэндийн үйлчилгээ авах нь цаг, мөнгө хоёрт хэмнэлттэй гэдгийг хүмүүс бодож байх нь зөв болов уу. Нөгөө талаар манайхан өөрсдөөсөө мөнгөө харамладаг нийтлэг сул талтай. Машин унаа, өмч хөрөнгөндөө асар өндөр зардал гаргаад, арчилж тордоод явдаг хэрнээ эрүүл мэнддээ анхаарал хандуулж, мөнгөө зарцуулж сураагүй. Эрүүл мэнд гэдэг таны амьдралын хамгийн чухал өмч хөрөнгө. Үүндээ бид өөрсдөө л анхаарал хандуулах ёстой болохоос биш зөвхөн төрийн хөрөнгө оруулалт, төсөв мөнгөнд найдаж орхиод шүүмжилж суух асуудал огт биш юм шүү дээ.

-Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, технологи өртөг өндөртэй, эргээд зардлаа нөхөхөд хугацаа шаардагддаг зэргээс болоод хувийн хэвшлийнхэн ч бас хөрөнгө оруулалт хийхээсээ эмээдэг байх. Тэгвэл тэдэнд илүү боломж нээж өгөх, дэмжих үүднээс төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлээсэй гэж та бүхэн хүсч байна вэ?

-Өнөөдөр энэ салбарт хэн шинэ технологи нэвтрүүлж байна вэ? Хувийнхан л бүх эрсдлээ үүрч, энэ асуудлыг их, бага хэмжээгээр шийдэж явна. Төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого зөв, тодорхой, салбарын яамны шаардлага, стандарт, хяналт сайн,  хувийн хэвшлийнхний өрсөлдөөний орчин эрүүл бол тэд ажлаа хариуцлагатай гүйцэтгээд л явна. Хүндрэл яривал цөөнгүй асуудал сөхөгдөх байх. Төрийн захиргааны байгууллагаас олгодог зөвшөөрлүүд нэлээд төвэгтэй. Ганц жишээ хэлэхэд, улсын эмнэлэгт гадаадын эмч нар гэрээгээр чөлөөтэй ирж ажиллаад, хичээл зааж, сургалт явуулаад буцдаг. Гэтэл хувийн эмнэлгийнхэн гаднаас эмч урихад тэр хүнээс заавал эмчлэх эрхийн лиценз шаарддаг. Бид бас тодорхой хэмжээний эрсдэл үүрч, өндөр цалинтай эмч аваад ирж байна шүү дээ. Тэр хүн Монголд урт хугацаанд ажиллах эсэх сонирхлыг нь харгалзахгүйгээр гэрээг нь аль болох урт хугацаагаар хийхийг шаарддаг. Энэ мэт асуудлыг бодлогын хэмжээнд зохицуулж өгмөөр л байгаа юм.

-Танай эмнэлгийн цаашдын зорилго юу вэ?

-Хүмүүс өнөөдөр аль ч салбарт хөрөнгө оруулалт, бизнес хийхээс эмээж, байгаа мөнгөө банкинд зүгээр хадгалж байгаад хүүг нь аваад амьдрахыг илүүд үздэг болсон нь нууц биш. Харин бидний хувьд хөрөнгө оруулалтын зээлтэй ч үйл ажиллагааны зардлаа хариуцаад улсад татвараа төлөөд ажиллаж байна. Нэг хүний эрүүл мэнд, амь насны цаана бүхэл бүтэн айл гэрийн амьдрал, аз жаргал оршиж байдаг. Цаашлаад улс орны аз жаргал, амар тайван байдал оршиж байдаг. Бид ийм хариуцлагатай албанд нэр төртэй ажиллаж, өнгөрсөн хугацаанд олж авсан туршлагаа баяжуулаад улам бүр урагш явна. Эхний ээлжинд эх орондоо эрүүл мэндийн салбарын бүхий л стандартыг хэвшүүлээд, дараа нь олон улсын стандартад нийцэж ажиллахыг зорьж байна. Ойрын төлөвлөгөөнд ОХУ-ын манайтай хил залгаа бүс нутгийн иргэдийг татах, эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ үзүүлэх зорилго бий. Өнөөдөр ч манайд тэндээс хүмүүс ирж, оношилгоонд ордог, физик эмчилгээ хийлгэдэг. Мөн Монголд ажилладаг гадаадын иргэд ч үйлчлүүлдэг. Ялангуяа зуны улиралд жуулчид хандах нь бий. Цаашлаад нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, ирээдүйн боловсон хүчний бэлтгэх зорилгоор анагаахын чиглэлээр суралцаж буй шилдэг оюутнуудад жил бүр тэтгэлэг олгоно. Саяхан Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдлаа. Хараахан хэрэгжиж эхлээгүй ч эмч, эмнэлгийн ажилчдаа хамруулсан даатгалын шинэ системыг нэвтрүүлнэ гэж төлөвлөж байна. Дөнгөж сая бид Солонгосын Качон их сургуулийн Кил эмнэлгийнхэнтэй уулзаж, хамтран ажиллах талаар ярилцлаа. Тэд Солонгост эмчлүүлэх шаардлагатай монгол өвчтнүүдийг хэрхэн Солонгос руу аваачих талаар ярьж байна. Энэ чинь монголчуудын мөнгө Солонгос руу урссаар байна гэсэн үг. Бид үүний эсрэг байр суурьтай байна. “Мөнгөн гүүр” эмнэлгийн эмч нар гадны эмнэлгийн туршлагаас суралцана. Бид орчин үеийн цоо шинэ эмнэлгийн суурийг эх орондоо тавьсан. Одоо эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг гадагшаа зөөдөг асуудлыг зогсооё. Харин танай эмч нар манай энд ирээд нарийн мэргэжлийн эмчилгээ, сувилгаа, хагалгаа хий. Асуудлыг харилцан ашигтай шийдье” гэдэг саналыг бид тавьсан. Иргэд маань ч бас монгол эмч нартаа итгэдэг болох хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн байгууллага маань хүнд суртлаа багасгаж, гадны технологи, эмчилгээний арга аргачлалаас сурах хэрэгтэй байна. Бид эрүүл мэндийн салбарт энэ бүгдийг шингээсэн шинэ жижиг тогтоох чин хүсэлтэй юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна