Бүх ард түмний спортын XIV их наадмын нээлт болно

2016 оны 3 сарын 3

- Монголын Бүх ард түмний XIV их наадмын нээлтийн ажиллагаа гуравдугаар сарын 4-ний өдөр "Скай" цанын баазад болно-

2016 он бол спортын жил. Ирэх наймдугаар сард Бразилын Рио де Жанейро хотноо зуны XXXI дэх олимпийн наадам болно. Олимпийн наадмыг угтан манай улсад дөрвөн жилд нэг удаа болдог Бүх ард түмний спортын XIV их наадам болж байна. Энэ удаагийн наадам өнгөрөгч нэгдүгээр сард чөлөөт бөх, жүдо бөх, боксын тэмцээнээр эхэлж,  шатараар үргэлжилсэн. Тэгвэл XIV наадам маргааш(03.04) "Скай" цанын бааз дээр цанын тэмцээнээр үргэлжлэн явагдана.

Энэ өдөр Монголын Бүх ард түмний XIV их наадмын нээлтийн ажиллагаа албан ёсоор болох юм. Энэхүү хүндтэй арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга, Зохион байгуулах хорооны дарга С.Ламбаа, Нийтийн БТСБХ-ийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан болон албаны бусад хүмүүс, нийт тамирчид оролцоно.

Нээлтийн ажиллагаанд цанын тамирчин С.Тэмүүлэн, Отгонцэцэг, Бямбадорж, тэшүүрийн тамирчин Норвегийн Лиллехаммер хотноо зохион байгуулагдсан залуучуудын өвлийн олимпийн аварга Б. Сумьяа нарын шилдэг тамирчид оролцож, бамбарыг асаах юм. 

Энэ өдөр цанын зарим төрлүүд явагдаж, Бүх ард түмний спортын XIV их наадмын аваргууд тодорно.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна