НАТО Оросыг буруутгав

2016 оны 3 сарын 3

 

НАТО-гийн командлагч Филип Бридлав Европ руу ирэх дүрвэгсдийг зэвсгээр хангаж байгаад ОХУ болон Сирийг буруутгажээ. Тэрбээр дүрвэгсдийг зэвсгээр хангах нь Европын тогтвортой байдлыг алдагдуулж, нураах зорилготой түрэмгий стратеги хэмээн мэдэгдсэн байна. Өдөрт хэдэн зуугаараа Европт ирж буй дүрвэгсдийн дунд гэмт хэрэгтэн, хэт даврагч, зэвсэгт дайчид зүсээ хувилан ирж байгааг ч Филип Бридлав мэдэгджээ. Филип Бридлав Европ дахь НАТО-гийн нэгдсэн хүчний командлагч юм. Тэрбээр Европт байнга байрших америк цэргийн тоог нэмэгдүүлэх саналыг гаргасан байна. Хүйтэн дайнаас хойш Европ байнга байрших америк цэргийн тоо хагас саяас ердөө 62 мянга орчим болж буурсан аж. Украины зөрчлөөс болж ОХУ болон НАТО-гийн хамтын ажиллагаа зогсож, нэг нэгнээ хардаж, буруутгах нь нэмэгджээ.

 

Европт өнгөрсөн онд сая давсан дүрвэгч очсоноор нөхцөл байдал зохицуулахад хүндрэлтэй болжээ. Дүрвэгсдийн хямралыг шийдэхэд зориулж Европын холбооноос 700 сая еврогийн яаралтай хүмүүнлэгийн тусламжийн санг байгуулжээ.

 

Үүний зэрэгцээ Македон хил дээр төмөр торон хашлага барьснаас Грекийн хил дээр олон мянган дүрвэгч цугласаар байна. Гэвч Македон улс Лхагва гаригт /III.2/ 200 орчим Сири, Иракийн дүрвэгсдийг хилээр нэвтрүүлсэн байна. Улмаар Грекийн хилд цугласан олон мянган дүрвэгч Македоны хилийн төмөр торон хашлагыг эвдэлж, мөргөлдөөн гарчээ. Мөргөлдөөний дараа Македон Грекийн хил дээр дахин 30 метр урт өргөст торон хашлага барьсан байна. Грек дэх 100 мянган дүрвэгчийг орон байр, хүнс, эмнэлгийн тусламжаар хангахад зориулж 500 сая еврог Европын комиссоос хүсчээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна