Цэргийн мэргэжлийн аваргууд тодорлоо

2016 оны 3 сарын 3

 

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ой, “Алдар” спорт хорооны 70 жилийн ойг угтах ажлын хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшинг дээшлүүлж, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг нэмэгдүүлэн, цэргийн алба хаагчдыг харилцан туршлага солилцох, тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх, тэдний мэдлэг, дадлага, ур чадварын түвшинг үнэлж, дүгнэх зорилго бүхий Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатыг анги, байгууллага бүр зохион байгуулсан юм. Харин хоёрдугаар шатанд 9 ангийн 70 гаруй цэргийн алба хаагч цэрэгжлийн болон спортын 6 төрлөөр өрсөлдөв.

 

Цэргийн мэргэжлийн аварга түрүүчээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн түрүүч Ц.Энхтайван шалгарч, 013 дугаар ангийн түрүүч О.Барамсайдорж, 326 дугаар ангийн түрүүч Б.Саруулгэрэл нар удааллаа. Цэргийн мэргэжлийн аварга байлдагчаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч Б.Бат-Отгон тодорч, 119 дүгээр ангийн байлдагч Г.Шинэбаяр, 013 дугаар ангийн байлдагч Э.Энхтүвшин нар эхний байруудад шалгарлаа. Үндэсний бөхийн барилдаанд 032 дугаар ангийн байлдагч, сумын заан С.Эрхэмбаяр түрүүлж, 013 дугаар ангийн байлдагч, сумын заан Э.Энхтүвшин үзүүрлэв.

 

Нэгдсэн дүнгээр Зэвсэгт хүчний 119, 032, 013 дугаар ангийн баг тамирчид эхний байруудыг эзэллээ. Тэмцээнд хөдөө орон нутгаас Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн байлдагчид оролцсон бөгөөд хугацаат цэргийн алба хаах хугацаандаа тэдэнд зориулсан спорт, урлагийн арга хэмжээнд оролцож, сурч мэдсэнээрээ өрсөлдөн найз нөхөд бололцсондоо залуус сэтгэл өндөр байсан юм.