Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 80 жилийн ой энэ сарын 17-нд болно

2016 оны 3 сарын 3

Монгол Улсын Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан түүхт 80 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байна. Тэд түүхт ойн хүрээнд хэд, хэдэн бүтээлч ажлууд хэрэгжүүлж, ажил үйлс нь өндөр байна. Ангийн хамт олон энэ сарын 17-нд Эрдэнэт хотын төв талбайд цэргийн ёслолын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтыг нутгийн зон олондоо үзүүлэхээр төлөвлөжээ. Ангийн захирагч, хурандаа Ө.Эрдэнэ-Очироос батлан хамгаалах салбарын удирдлага, ангийнхаа үе үеийнхээ ажилтан, алба хаагчдад чин сэтгэлийн мэндчилгээ ирүүлсэн байна. 

 

Матадын 8 дугаар морьт дивиз хэмээн алдаршсан тус анги БНМАУ-ын Маршал Г.Дэмидийн санаачилгаар 1936 онд Дорнод аймгийн Матад сумын нутагт тулгын чулуугаа тулснаас хойш 80 жилийн түүхт ойтойгоо золгож байна. 

 

Манай анги 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайд оролцож, баатарлаг гарамгай гавьяа байгуулан, эгнээнээсээ 4 баатар төрүүлсэн дайчин замналтай билээ. 

 

Алдар түүхт ангийнхаа хойчийг залгамжлан, үйл хэргийг нь үргэлжлүүлж яваа бид төр засаг, цэргийн дээд командлалын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, даян дэлхийд энхийг сахиулах эрхэм үйлст хүчин зүтгэж, аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон олон арван амжилт бүтээлээр түүхт ойтойгоо золгож байгаадаа баяртай байна. 

 

Өнөөгийн ангийн өнгө төрх, амжилт бүтээл нь үе, үеийн удирдлагууд, ахмад дайчид, одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн үр дүн билээ. 
Эх орон ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил албандаа ямагт бүтээлчээр хандаж ирсэн Та бүхнээрээ бахархаж явдгаа энэ дашрамд илэрхийлэхэд таатай байна. 

 

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95, анги байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан ангийн үе, үеийн удирдлага, ахмадууд болон генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, ажилчин албан хаагчид та бүхэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

 

АНГИЙН ЗАХИРАГЧ, ХУРАНДАА Ө.ЭРДЭНЭ-ОЧИР