Н.Батцэрэг: Бүлэг хуралдаагүй

2016 оны 3 сарын 3

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг “Сайдын цаг”-т оролцож салбарынх нь төвшинд хийгдэж байгаа ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлсэн юм.

Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Тэгвэл тус яам одоо тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж буй аж. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор 5 тэрбум төгрөгийн төсөв батлагдсаныг нийслэлийн захын дүүргийн зарим цэцэрлэгүүдийн цахилгааны төлбөрт зарцуулж, нүүрсний хэрэглээг нь бууруулжээ. Усны чиглэлээр томоохон ажил хийгдэж байгаагийн нэг нь Дэлхийн банкны санхүүжилтээр говийн бүсэд 110 цооног байршуулсан, Улаанбаатар хотын Туул голд усан сан барих чиглэлд санхүүжилт босгохоор хэлэлцэж байгаа зэргийг дурдаж болох аж.  

Хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр бодлого боловсруулж буй бөгөөд Хог хаягдлын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барих гэнэ.

Мөн  “Нүүдлийн аялал жуучлал ба тогтвортой хөгжил” олон улсын бага хурлыг  АСЕМ-ын дараа зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ хуралд Номхон далайгаас газар дундын тэнгис хүртэлх торгоны зам дагуух 33 улсын аялал жуучлалын сайд нар оролцох аж.

2016 онд 32 мянган га-д ойн цэвэрлэгээ хийх бол 1590 га-д улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн мод тарих ажил зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. 

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажил хийж байна вэ. Хамгийн үр дүнтэй арга юу гэж харж байна. Утааны хоруу чанар буурсан л гэдэг, аймшигтай л нөхцөлд өвөлжлөө шүү дээ, нийслэлийнхэн?  

-Агаарын бохирдлын Үндэсний хороо гэж байдаг. Төсөвлөсөн 5 тэрбум төгрөгөөс 800 орчим сая төгрөгийг 7 аймгийн төвд, үлдсэнийг нь Улаанбаатар хотод хуваарилсан. Түүгээр цахилгааны тарифын үнийн зөрүүд олгох замаар түүхий нүүрсний хэрэглээг бууруулах ажлыг үргэлжлүүлсэн. Орон сууцжуулах ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах хэрэгтэй байгаа. Ипотекийн зээлийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага байна. Иргэдийг орон сууцжуулахад  төрийн дэмжлэг шаардлагатай. Өнгөрсөн жил 46 мянган айл орон сууцанд орсон мэдээлэл бий. Хэрвээ энэ хурдаар явах юм бол агаарын бохирдол 90 хувиар буурах магадлалтай. Орон сууцжуулах ажлыг амжилттай хэрэгжүүлвэл ойрын 4-5 жилд агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 70-80 хувь нь нам даралтын 3200 зуух 118 мянган яндангаас гарч байна. Бусад нь Улаанбаатар хотын зам дээр гарч байгаа машинуудын нүүрстөрөгчийн хийн дутуу ислээс гарч байгаа.

-Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барих гэж байна гэсэн. Намын жагсаалтын 28 квотоос 6-г нь нийслэлийн мандат дээр нэмэх асуудал яригдаж байгаа. Танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Манай бүлэг энэ асуудлаар хуралдаж, байр сууриа гаргаагүй байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна