Хүний эрхийн Зөвлөлийн 31 дүгээр чуулганд оролцож байна

2016 оны 3 сарын 3

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганы 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Өндөр түвшний уулзалтад оролцож үг хэлэв.

Сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ Монгол Улсыг ХЭЗ-д сонгогдоход дэмжлэг үзүүлсэн явдалд НҮБ-ын гишүүн орнуудад талархал илэрхийлж цаашид тус Зөвлөлийн гишүүний хувьд манай улс олон улсын түвшинд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд илүү их хувь нэмэр оруулахын төлөө байгааг онцлон тэмдэглэхийн сацуу ХЭЗ-ийн гишүүнээр ажиллах хугацаандаа жендерийн тэгш байдлыг хангах, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүний наймаа, арьс үндсээр алагчлах явдалтай тэмцэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжих зэргийг тэргүүлэх чиглэл болгон ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн тэрээр 2012 оноос хойш үндэсний түвшинд хийгдэж буй эрх зүйн цогц шинэчлэлийн бодлогын хүрээнд Монгол Улс хүний эрхийг баталгаатай хангах хууль тогтоомжийг боловсруулан батлуулах чиглэлээр багагүй ахиц амжилт гаргасныг дурьдаад, тухайлбал шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг бүрэн халсан явдал нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 50 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед уг баримт бичгийн ач холбогдлыг түгээхэд чухал алхам болж буйг онцлов.

Сайд Л.Пүрэвсүрэн ХЭЗ-ийн 31 дүгээр чуулганы Өндөр түвшний арга хэмжээнд оролцох үеэрээ мөн НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Зэйд Раад Аль Хуссейн-тай уулзав. Тэрээр уулзалтын үеэр ХЭЗ-ийн гишүүн орны хувьд Дээд Комиссарын албатай нягт хамтран ажиллахаа илэрхийлээд тухайлбал, Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний хоёрдугаар илтгэлийг 2015 онд ХЭЗ-өөр хэлэлцүүлсний мөрөөр тус Зөвлөлийн гишүүн болон ажиглагч орнуудаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдэв. Мөн тус Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллана гэдэг нь манай улсын хувьд том хариуцлага гэж ойлгож байгаагаа онцоллоо. Түүнчлэн шилжилтийн үедээ явж буй Афганистан, Мьянмар, Киргизстан зэрэг орны ардчилал, хүний эрхийг төлөвшүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт, үйлсэд нь хувь нэмрээ оруулж, өөрийн орны туршлагаас хуваалцах зэргээр тэдэнтэй хамтарч ажиллаж байгаагаа дурьдав.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Зэйд Раад Аль Хуссей уулзалтын үеэр Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн сонгуульд Ази, Номхон Далайн бүлгээс хамгийн олон орны санал авч сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж буйгаа илэрхийлээд цаашид Монгол Улстай хүний эрхийг дээдлэх, хамгаалах, дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна