Галын улмаас сүүдрэвч нь нуржээ

2016 оны 3 сарын 3

Нийслэлийн онцгой байдлын гал унтраах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн шөнийн 03.39 цагт 101 утсанд ирсэн дуудлагын дагуу “Нарантуул” захад гарсан галыг унтраахаар 03.49 цагт галын голомтод очжээ. Гал сөнөөгчдийг очиход “Нарантуул” захын торго, бөс барааны лангууны хэсэгт гарсан галын тархалт өргөн талбайд гарч, сүүдрэвч буюу дээвэр төмөр нь нуран орж ирсэн байдалтай байсан байна. Галын тархалтыг зогсоохоор явсан гал сөнөөгчийн хамгаалалтын малгай гарсан галын дөлд зууван болтол хайлсан.  Энэ бол гал ямар хүчтэй ассаныг илтгэнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газрын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар ярилаа. Өргөн хүрээнд буюу 2500 метр квадрат талбайд тархсан галыг нийслэлийн Онцгой байдлын гал унтраах ангиудын 90 хувь нь буюу нийт 102 гал сөнөөгч ирж, унтраажээ. Галын тархалтыг 04.49 цагт зогсоож, галыг өглөөний 07.00 цагийн орчимд бүрэн унтраасан байна. Онцгойгийнхон гал унтраах үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн I, II хэлтсийн 150 орчим албан хаагч хамгаалалтад гарч, ажиллажээ. Хамгийн сүүлд нийслэлийн Онцгой байдлын газраас тус захад өнгөрсөн 12 дугаар сарын 27 ны өдөр галын аюулгүй байдлын шалгалт хийж байжээ.

Цагдаа нар захыг хамгаалалтад авсан учир түрээслэгчдийг  дотогш нэвтрүүлэхгүй байна. Торго, бөс бараа бол өндөр өртөгтэй. 10 метр даавуу гэхэд л 50-60 мянган төгрөг болдог. Ингээд бодохоор нэг лангуу, нэг түрээслэгчид дор хаяж 10-100 орчим сая төгрөгийн бараатай байсан, иймээс хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол тэрбумаар яригдана гэж түрээслэгчдийн төлөөл ярьсан. Мөн тэд галыг санаатай тавьсан байж болзошгүй гэлээ.

Ямартай ч галд хүн өртөөгүй, галын шалтгаан нөхцөлийг шуурхай тогтоохоор цагдаагийнхан холбогдох бүх баримт болон иргэдийн мэдээллийг хураан авсаар байна. “Нарантуул” худалдааны төв урьд нь хоёр ч удаа галд автаж байсан юм. 2013 оны наймдугаар сарын 22-нд тус төвийн хүнсний захад буюу битүү дээвэртэй байранд гал гарч, уг хэсэг байгууламж бүхэлдээ шатаж, нэг эмэгтэй нас барсан золгүй хэрэг гарч байсан юм. Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд "Нарантуул" худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч нэлээд хэмжээний эд зүйл шатсан байдаг. Цагдаагийнхан өмнө гарсан гал юунаас үүдэлтэй гэх дүгнэлтийг гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлжээ. Хохирогчид галын дүгнэлт, хохирлын үнэлгээтэй санал нийлээгүй учир прокуророос галын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байх юм.

Урьдчилсан байдлаар гал юунаас болж гарсан гэдгийг хэлэх боломжгүй мөн зах гурав хоног ажиллахгүй гэдэг ташаа мэдээлэл гэж ЦЕГ-аас мэдэгдлээ. Хэрэв зах ажиллахааргүй болбол нийслэлийн Захирагчийн ажлын албанаас албан ёсны захирамж гаргах юм. Одоогоор БЗД-ийн цагдаагийн хэлтэс болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга нараар ахлуулсан мэргэшсэн мөрдөн байцаагч, шинжээчид галд хэчнээн түрээслэгчийн лангуу өртсөн, хэдэн төгрөгийн хохирол учирсан, гал юунаас гарав зэргийг тогтоохоор галын голомтод ажиллаж байгаа юм. Галын дуудлагыг зах дотроос өгөөгүй, захын урд замд зорчиж явсан жолооч, шатахуун түгээх станцын түгээгч өгсөн гэж онцгойгийнхон ярьж байлаа. Албан бус мэдээллээр “Нарантуул” захад 5-6 хамгаалагч жижүүрлэн хонодог байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна