ХҮН хүчээ сэлбэж, дүрмээ шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

ХҮН хүчээ сэлбэж, дүрмээ шинэчиллээ

ХҮН-ын албан ёсны Төв хорооны /ТХ-ны/ хурал өнөөдөр 09.00 цаг боллоо. Тус намын ТХ-ны хурал нь АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хуралтай ижил гэж хэлж болно. ХҮН-ын ТХ-ны гишүүдэд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөгч мөн намын дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнгийн хүмүүс багтдаг байна. Тус хурлаар Удирдах зөвлөлийн гишүүнд багтаж байсан Т.Доржханд, Б.Найдалаа, З.Лхагвадорж нарыг нам дотроо хашиж байсан албан тушаал болон Удирдах зөвлөлийн /УЗ/ гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргалаа.

УЗ-өөс чөлөөлөгдсөн гишүүдийн оронд Б.Баярмагнай, В.Буянмөнх, Д.Миеэгомбо нарыг томилсон байна. Мөн Л.Баярсайхан, Ц.Ганзориг, Э.Бат-Ирээдүй, Т.Лхагва, Ч.Наранбаатар, Т.Лхагвадорж нарын зургаан гишүүнийг ТХ-ны гишүүнээр сонгох саналыг 100 хувь дэмжлээ.

Дээрх албан тушаалын томилгооноос гадна намын тамгыг хүчингүй болгож шинэ загвараар хэвлүүлэх зэрэг ажлыг ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одонгуад даалгалаа. Мөн ХҮН ИЗНН-тай эвсэж сонгуульд оролцох асуудлыг хөндөж, намын их хурлаа хуралдуулах шийдвэрийг дэмжлээ.

Төв хорооны хурлыг өндөрлүүлж ХҮН-ын дарга С.Ганбаатар үг хэлсэн юм. Тэрбээр “Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн бохир хүчнүүдийн эсрэг явж байгаа гэдгээ мартаж болохгүй. Шинэ хүч, шинэ нам гэдэг маш том мөрөөдөлтэй байсан гэж надаас ам асуух хүн гарах л байх. Би дахиад хэлье. Шинэ хүмүүст итгэж байна. Шинэ үзэл бодол, шинэ санааг монголын улс төрд оруулж ирэхгүйгээр бидний монгол сайхан болохгүй. Үүний төлөө хэн нэгэн улс төрд хүчээ үзэж, олон жил зүтгэж, тодорхой эрх мэдэл, нэр хүндтэй болсон хүмүүс нь итгэл зүтгэлээ өгөхгүй л юм бол монголын улс төр байдгаараа л байна. Мэдээж монголын улс төрийг шинэчилж засахын төлөө та бие биедээ өгч байгаа итгэл найдвар чухлаас чухал. Бидэнд алдах ухрах эрх байхгүй. Ард эх орон, бидний үр хүүхдийн ирээдүй байна.  Эх орноо энэ 25 жилийн төөрөгдөл хямралаас гаргахын төлөө эрүүл шударга нийгэмд золгуулахын төлөө өндөр хариуцлагыг бид өөртөө авч тууштай тэмцэх болно. ХҮН монголын түүхийн сэргэн мандалын хөдөлгөгч хүчин байж чадна гэдэгт итгэж байна” хэмээлээ.

Сэтгүүлч: Т.ДАВААНЯМ

Зураглаач: Ц. АРИУНБОЛД


ХҮН мэдэгдэл гаргалаа

МЭДЭГДЭЛ

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр                                                            Улаанбаатар хот

 

Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хороо 2016 оны 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хуралдаж байна. Улс төрийн намын тухай хууль, намын дүрэмд зааснаар Төв хороо нь 2016 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр байгуулагдсан намын ээлжит бус их хурлаас байгуулагдсан, түүний чөлөө цагт эрх барих, төлөөллийн төв байгууллага юм. Намын Их хурлаас сонгогдсон Төв хорооны нийт гишүүдийн 75 (далан тав) хувийн ирцтэйгээр хурал үргэлжилж байна.

Гэтэл намын гишүүн Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга тэргүүтэй хэсэг нөхөд03 дугаар сарын 02-ны өдөр Намын Төв хорооны хууль ёсны бүрэлдэхүүнийг үл тоомсорлож цаашилбал намын эрх барих байгууллага болох намын Их хурал, намын нийт гишүүд дэмжигчдийн хууль ёсны эрх, итгэлийг “уландаа гишгэж” “төв хорооны” гэх “тоглоомын” хурал зохион байгуулан, түүнээс шийдвэр гаргаж үүндээ хууль бусаар эзэмшиж байгаа намын тамга, тэмдгийг ашиглаж намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилсон мэтээр нийтэд мэдээлж олон нийтийг төөрөгдүүлэн, өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа намын байр суурийг ганхуулахаар явуургүйгээр оролдож байгааг эрс буруушааж байна.

Монголын нийгэм, улстөрийн тогтолцоонд цоо шинэ өнгө аяс, улс төрийн шинэ соёл хандлага, хариуцлагын тогтолцоог бий болгож төлөвшүүлэхээр ажиллаж байгаа манай намын үйл ажиллагаа, намын даргын нэр хүндэд хорссон улс төрийн зарим хүчний зориудын өдөөн хатгалга, албан тушаалын наймаа, тохиролцоо энэ бусармаг үйл явдлын ард байхыгч үгүйсгэхгүй.

Иймд энэ явуургүй үйлдлээ нэн даруй таслан зогсоож Хөдөлмөрийн Үндэсний намын мянга мянган гишүүд, дэмжигчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэхийг Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга нараас шаардаж байна.

Хөдөлмөрийн Үндэсний Намын Төв хороонь хууль ёсны бөгөөд цорын ганц болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Энэхүү мэдэгдэлд Намын Төв хорооны нийт 58 гишүүний 43 нь гарын үсэг зурж баталгаажуулав.

 

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМЫН

ТӨВ ХОРООНЫ ГИШҮҮД:

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж