Төсвийн байнгын хороо хийсэн ажлаа тайлагнав

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо хийсэн ажлаа тайлагнав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр /2016.03.03/ хэвлэлийн бага хурал зохион байгуулан Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тус байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан "Төсвийн байнгын хороо дээрх хугацаанд нийт 25 удаа хуралдаж, 96 хууль, 10 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна" гээд эдгээр хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн явцад хэлэлцэх эсэхийн 22 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 34 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 16 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн 250 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлсэн талаар мэдээлэв. Түүнчлэн Төсвийн байнгын хороо мэргэжлийн байнгын хорооны хувьд улсын төсвийн асуудлыг бүтэн жилийн турш хэлэлцдэг тогтсон дэгтэй. Тухайлбал, намрын чуулганаар ирэх оны төсөв, үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг хэлэлцэж батлуулдаг бол хаврын чуулганаар улсын төсвийн бодлого зорилтыг тодорхойлсон Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцдэг. Энэ хүрээнд өнгөрсөн намрын чуулганаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж, батлуулсан нь тус байнгын хорооны үндсэн ажил боллоо гэдгийг онцолж байсан. 

Дараа нь тэрээр төсөв гэдэг бол төрийн эдийн засаг, санхүүгийн бодлогуудыг зангидсан том асуудал учраас төсвийн хүрээнд олон асуудал цогцоороо шийдвэрлэгддэг онцлогтой. Ийм ч учраас төсөвтэй холбоотойгоор олон хууль, тогтоолд өөрчлөлт оруулж байдаг юм гээд тус байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлж батлуулсан хууль тогтоомж, байнгын хорооноос хийсэн бусад ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Уг мэдээллээс Байнгын хорооны тайлант хугацаанд батлуулсан бие даасан хуулиудын талаар танилцуулвал:

1.Монгол Улсын 2016 оны төсвийн тухай 

Монгол Улсын төсөвт 2016 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 5,032.5 тэрбум төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2016 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 8.4 тэрбум төгрөгөөр баталсан. 

Монгол Улсын төсвөс 2016 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 5,920.1 тэрбум төгрөгөөр баталсан.

2.Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай 

Нийгмийн даатгалын санд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмээг 1,651.5 тэрбум төгрөгөөр, тус сангаас зарцуулах зардлын хэмжээг 1,707.1 тэрбум төгрөгөөр, үүний дотор Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 25.1 тэрбум төгрөгөөр баталсан.

3.Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай 

Хүний хөгжил сангийн төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, үүний арьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 267.6 тэрбум төгрөг байхаар, тус сангийн төсвөөс ирэх онд зарцуулах зарлагын хэмжээг 221.1 тэрбум төгрөг байхаар баталлаа.

2016 онд төсвийн жилд шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 171.0 тэрбум төгрөг хүртэл, урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт суутгагдсан улсын төсвийн орлогын дүнгээр улсын төсөвт өгөх өглөг үүсгэх хэмжээ 87.6 тэрбум төгрөг байхаар тооцож баталсан. 

4.Ирээдүйн өв сангийн тухай хууль 

"Хүний хөгжил сан"-г олон улсын баялгийн сангийн туршлагад нийцүүлэн хуримтлалын сан болгон зохион байгуулж уул, уурхайн орлогыг зүй зохистой ашиглах, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах арга хэрэгсэл болгон шинэчлэх зорилгоор ирээдүйн өв санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн өгөөжийг хуваарилах, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна. Сан нь Монгол Улсын бүх ард түмний өмч байх бөгөөд тус сангийн хөрөнгийн удирдлагыг төрийн өмчит мэргэжлийн корпораци хэрэгжүүлэх юм. Корпорацийн удирдлагыг хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах боломжийг олгох механизм, хөшүүргийг хуульчлан баталлаа.

5.Гааль, татварын албаны эрх зүйн байдлын тухай 

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэн зохион байгуулахаар тусгасантай холбогдуулан Гаалийн тухай болон Татварын ерөнхий хуулиар зохицуулагдаж байгаа удирдлагын заалтыг нэгтгэж тус байгуулагын гүйцэтгэх чиг үүргийг тусган тус тус батлуулжээ. 

Хэвлэлийн хурлын төгсгөлд байнгын хорооны дарга Ч.Улаан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж