Хуулийн төслийн талаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

2016 оны 3 сарын 3

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн өнөөдөр /2016.03.03/ Төрийн ордонд зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцов.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Н.Батцэрэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар оролцов. Мөн уг хуулийн төслийг боловсруулах үүрэгтэйгээр байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, төслийн багийн зөвлөхүүд оролцож, хуулийн төсөл боловсруулах багийн зөвлөх, доктор Д.Ганзориг ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслийн хувилбарын талаар танилцуулга хийлээ.

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нутгийн удирдагын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагын үүднээс эрдэмтэн судлаачид, төслийн нэгжийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгаа аж. Ажлын хэсэг бүх шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагууд, ажлын албаны ажилтнууд болон орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг оролцуулсан хэлэлцүүлэг, уулзалт ярилцлагыг бүсчлэн зохион байгуулж, нутгийн удирдлагын байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэхтэй холбогдуулж гаргасан саналуудыг нэгтгэн судалж үзсэний үндсэн дээр уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувилбарыг боловсруулжээ.

Уулзалтад оролцогчид хуулийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулан саналаа хуваалцав. Мөн уулзалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар хуулийн төсөл боловсруулах багийн зөвлөх, ажлын хэсгээс зарим зүйлийг лавлаж тодруулаад төслийн хувилбартай холбогдуулан санал хэлж, зөвлөмж чиглэл өгөв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нутгийн өөрөө удирдах байгууллагын өмнө одоо тулгамдаж байгаа асуудлыг засч залруулах, тэдгээрт хариулт өгч эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхэд энэхүү хуулийн төслийн зорилго чиглэж байгааг дурдаад ажлын хэсэг сайн ажиллаж, зарчмын чанартай гол асуудлуудыг төсөлд тусгасныг онцлов. Мөн тэрбээр хуулийг төслийг ирэх сарын эхээр эхлэх Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өмнө өргөн мэдүүлж, хаврын чуулганаар батлуулах шаардлагатай байгаа учраас хуулийн төслийн эцсийн хувилбар болон иж бүрдлийг яаралтай бэлэн болгож төслийг өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангах, төслийн талаарх Засгийн газрын саналыг авах ажлыг шуурхайлахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна