Монгол Колумбийн ГХЯ-ныхан уулзлаа

2016 оны 3 сарын 3

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Колумби Улсын Гадаад хэргийн яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2016 оны 3 дугаар сарын 3-нд видео хэлбэрээр зохион байгуулав.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, колумбийн талын төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн дэд сайд Патти Лондоно Харамилло тус тус ахлан оролцлоо. Мөн тус уулзалтад хоёр талын гадаад хэрэг, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Уулзалтаар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн талаар товч мэдээлэл хийж, хоёр талын бүхий л салбарын харилцаа, тэр дундаа худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-т гишүүнээр элсэхэд хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.

Энэхүү зөвлөлдөх уулзалт нь хоёр талын бүхий л салбар дахь хамтын ажиллагааны төлөв байдал, цаашдын чиглэлийг тодорхойлоход голлох механизм мөнөөс гадна олон улсын тавцанд идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх учиртай.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна