Малчны зээлийн хүү буурсанд талархав

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Малчны зээлийн хүү буурсанд талархав

УИХ-ын намрын ээлжит чуулган завсарласан энэ хугацаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрээр гуравдугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Батноров сумын долоодугаар баг буюу Бэрх тосгонд ажиллаж, нутгийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Тус тосгон нь 1960-аад Бэрхийн уурхайг түшиглэн байгуулагдсан, 2400 орчим хүн амтай томоохон тосгон юм.

Уулзалтын үеэр иргэд Бэрх тосгоныг сумын статустай болгох боломж хэр байгаа талаар асууж байлаа. Учир нь тус тосгон бусад багуудыг бодвол харьцангуй олон хүн амтай бөгөөд хөгжлийн хувьд ч сумын хэмжээнд очих боломжтой гэж үздэг аж. Энэ асуултад УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар "Бэрх тосгоныг өнөөдөр шууд сум болгох боломж байхгүй. Бидэнд Бор-Өндөрийг сум болгосон туршлага бий. Ингэхдээ маш олон жил хөөцөлдсөн. Тосгоныг хот болгох асуудал Засаг захиргаа, нутаг дэвсгэр  нэгжийн удирдлагын тухай хуулийн дагуу шийдэгддэг учраас албан хүсэлтээ гаргаж болно. Ингэхдээ иргэд өөсрдөө тогтвор суурьшилтай оршин сууж, ажиллаж байж, санаачилга гаргах ёстой " гэсэн тайлбарыг өглөө.

Үүнээс гадна иргэд  малчны зээлийн хүүг бууруулсанд ихэд талархалтай хандаж буйгаа хэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 153.1 мянган малчин өрх байгаагаас 120 мянган малчин өрх нь ХААН болон Төрийн банкинд 222.7 тэрбум төгрөгийн зээлтэй байгаа юм. Эдгээр зээлтэй өрхийн 17 мянган гаруй нь зээлээ 18 хувьд шилжүүлжээ.

Мөн Бэрх тосгоны иргэдээс иргэн бүрт олгож байсан 1072 хувьцаа хүчинтэй байгаа эсэх болон, тэрхүү хувьцааг ашиглаж болох талаар асууж байсан. Б.Гарамгайбаатар гишүүний тайлбарласнаар 1072 ширхэг хувьцаа иргэдийн нэрийн дансанд хэвээр байгаа бөгөөд Тавантолгой эргэлтэд орж хувьцаа иргэдэд ашигтай болсон үед хэрэглэх нь зүйтэй гэсэн юм.

Б.Гарамгайбаатар гишүүн Бэрх тосгонд ажиллах үеэрээ иргэд болон нутгийн удирдлагын зүгээс гаргаж буй зарим санал, асуудлыг тэр дор нь шийдлээ. Тухайлбал,  Бэрх тосгонд албан ёсны зөвшөөрөлтэй мэргэшсэн нотариатчин байдаггүй. Тиймээс иргэд бичиг баримт нотариатдуулах үедээ ойролцоо сум руу явдаг аж. Харин Б.Гарамгайбаатар гишүүн  Хууль зүйн сайд Д.Дорлигжав сайдтай ярьж, нотариатчийн асуудлыг тэр дор нь шийдсэнд иргэд ихээхэн талархаж байлаа.

"Оюутны зээл" олгодог болно

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Бэрх тосгонд ажиллах үеэрээ иргэдэд Оюутны зээл олгох боломжийн талаар судалж байгаа талаар мэдээллээ. Тэтгэврийн зээл авч буй иргэдийн дийлэнх нь намар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд зориулж зээл авдаг аж. Тиймээс оюутны сургалтын төлбөр төлөхөд зориулсан "Оюутны зээл"-ийг бий болгохоор болжээ.

Энэ талаар Монголбанкнаас Засгийн газарт зөвшөөрвөл ийм төрлийн зээлийг олгох боломжтой гэсэн тайлбар өгсөн байна. Дэлхийн зарим улс орнуудад оюутны зээл  олгодог. Энэ нь нэг талаас тэтгэврийн зээлийг бууруулах, нөгөө талаас оюутан сурагчдын сурлагын чанарыг сайжруулахад эерэгээр нөлөөлдөг байна. УИХ энэ асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж