Хойд бүсийн өвлийн тусгай олимп Дарханд болно

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Хойд бүсийн өвлийн тусгай олимп Дарханд болно

Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд болдог Хойд бүсийн “Өвлийн тусгай олимп” энэ сарын 5-ны өдөр Дархан аймагт болох гэж байна.

“Өвлийн тусгай олимп Дархан-2016” өвлийн спортын төрлүүдээр болох бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Өвөрхангай аймгаас оюуны бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдах юм. Энэхүү тусгай олимпийг JCI(Junior Chamber International) Монгол байгууллагын Дархан-Уул аймаг дахь салбараас “Ялалт байгуулахад чинь БИД туслая” төслийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

JCI Монгол байгууллагын ууган салбаруудын нэг JCI Дархан салбар байгууллагаас гаргасан энэхүү төслийг Монголын тусгай олимпийн хороо, Дархан-Уул аймгийн БТСГ, НХҮ-ний хэлтэс, тусгай сургалттай “Энэрэл” цогцолбор сургууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбоодууд хамтран ажиллаж байна.

2017 онд Австри улсад Дэлхийн тусгай олимпийн Өвлийн наадам болно. Энэхүү наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох хүүхдүүдийг бүс, улсын хэмжээнд болсон тэмцээнээс шалгаруулж авах юм. Тиймээс энэ удаагийн Хойд бүсийн өвлийн тусгай олимп ихээхэн онцлогтой болж байна.

“Хойд бүсийн өвлийн тусгай олимп-Дархан 2016” тэмцээн Дархан-Уул аймгийн БТСГ-ын дэргэдэх задгай талбайд гуравдугаар сарын 5-ны өдөр болно. Тэмцээний нээлтийн ажиллагаа 09.00 цагт болох бөгөөд бүтэн өдөр үргэлжилнэ.

Дарханчууд та бүхнийг Хойд бүсийн Өвлийн тусгай олимпт оролцож буй баг тамирчдыг дэмжихийг уриалж байна. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж