"Царай хардаг" тойрог

2016 оны 3 сарын 4

-Завханчууд намыг нь гэхээсээ илүүтэйгээр хүнийг нь харж сонголтоо хийдэг-

“Сонгууль-2016” тулааны өнгийг тойргоор нь тоймлон хүргэж байгаа билээ. Завхан аймагт аль намаас хэн өрсөлдөхөөр бэлтгэж байгааг энэ удаад онцлон хүргэе. Завханыг олон өнгөтэй тойрог гэж хэлж болно.  Баруун аймгууд дундаа нэлээд тулаантай тойрог. Өнгө нь хаашаа хувирч мэднэ. Өөрөөр хэлбэл, улаарвал улаарч, цэнхэртвэл цэнхэртэж чадна. Гэхдээ намыг нь гэхээсээ хүнийг нь харж сонгодог.  Тус тойрог өмнө нь гурван мандаттай байсан. Өнгөрсөн 2012 оны Сонгуулийн хуулиар  хоёр мандаттай болсон.

Ардчилсан нам

Ардчилсан намаас Завхан аймагт өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн Я.Санжмятав,  Төрийн банкны захирал асан Д.Батсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа нар бэлтгэлээ базааж эхэлсэн.  Я.Санжмятав бол аймгийн Засаг даргаар ажиллаж явсны хувьд нутгийнхандаа танигдсан. Энэ нь бусдаасаа давуу тал болж магадгүй.  Завханаас хоёр удаа УИХ-ын гишүүн болсон, мөн Шинэчлэлийн   Засгийн  Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хууль санаачлахаасаа илүү “Өсвөрийн Монгол шатар-9999” гэх мэт, наадам зохион байгуулах нэрээр тойргоо “тордож” ирсэн. МАН-ын төдийгүй намын бусад горилогчдын дундаа хүчтэй өрсөлдөгч гэж хэлж болно.

Түүнээс гадна Төрийн банкны захирал асан Д.Батсайхан өнгөрсөн дөрвөн жил мөн л завханчуудыг тойглосон хүн. Тэрбээр намдаа нэг суудал чирээд ирэх боломжтой хүнээр нэрлэгдээд байгаа юм.  Завхан аймгийн Ардчилсан намын тэргүүн дэд даргаар ажилладаг, нутгийн уугуул.  Олон жил банк санхүүгийн салбарт ажиллаж байсны хувьд эдийн засгийн эрүүл бодлого хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж магадгүй.  Ямар ч байсан сав суулга тарааж, зураг дараад суудаг улстөрч болохгүй байх.

Тэдний араас Завхан хүч үзэж магадгүй хүний нэгээр СЗХ-ны дарга З.Нарантуяа тодроод байгаа.  Завхан аймгийнх гэдэг ч завханчууд тэр бүр түүнийг танихгүй. УИХ-ын даргын “Шонхор” фракцийнх. З.Энхболд даргын итгэл, зүтгэлээр З.Нарантуяа Завханд нэр дэвшлээ гэхэд  ялах магадлал 10 хувь. Яагаад гэвэл завханчууд намыг нь бус хүнийг нь харж сонголтоо хийдэг гэдгийг дээр дурдсан. Тиймээс  Д.Батсайхан, Я.Санжмятаваас илүү танигдаж гарч ирнэ гэж хэлэхэд хэцүү “фигур”.

Монгол Ардын нам

Завхан аймагт Ардчилсан намын хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Д.Оюунхорол. Гурван удаа аймгаасаа сонгогдсон. Аймагтаа ч хийж бүтээсэн зүйл ихтэй, нэр хүндтэй.   Энэ удаад түүнийг намынхаа листэнд нэлээд дээгүүр бичигдэх болов уу гэсэн таамаглал байгаа. Үнэхээр ч өнгөрсөн гурван удаагийн сонгуулийн амжилт, үр дүн,  нам дахь нэр хүнд зэргийг нь тооцвол жагсаалтын тавд баараггүй бичигдэх улстөрч. Ингэлээ гэхэд түүнтэй барьцах хүн нам дотор нь байхгүй л болов уу.

“Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу Завханд өрсөлдөхөөр аль олон жилийн өмнөөс өөрийг сойж, тойргоо “усалж” ирсэн. Ахынх зүгээс энэ удаад дүүдээ байр сууриа тавьж өгч байгаа гэх. Гэхдээ УИХ-д биш орон нутагт өрсөлдөх бодолтой байгаа сурагтай. Ш.Батсамбуугийн хувьд улс төрд шинэ хүн.  Түүнтэй хамт Завханд “сойгдох” магадлалтай хүн бол Улсын гарди Ц.Цэрэнпунцаг.  Завхандаа нэр хүнд сайтай. Хэл аманд төдийлөн ороод байдаггүй. Хэн нэгэнтэй талцан хэрэлдээд байдаггүй.  Бөхчүүд дундаа хамгийн боловсролтой, бас нэр хүндтэй гэдэг. Д.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн болчихож чадаж байхад Ц.Цэрэнпунцаг улс төрд хүч үзэж яагаад болохгүй гэж.

Түүнчлэн Завханаас нэр дэвшихээр “гүйдэл, суудалтай” байгаа хүн бол “Сонор трейд”-ын Б.Энхболд. Эндээс харахад мөнгөтэй гарууд Завхан аймгийг тойглож байна. Хөгжил муутай, баруун бүсийг хөгжүүлэх зөв бодлогыг хэн гаргаж тавих вэ.

Өнгөрсөн жил “өвдөг шороодсон” Д.Балдан-Очир энэ удаад нэр дэвших бодолтой байгаа гэх. Гэхдээ мэдээж МАН түүнд “Үгүй” гэж хэлэх нь лав. Д.Балдан-Очир өнгөрсөн сонгуулиар нэр дэвших эрх олж авахын тулд Ш.Сайхансамбуутай өрсөлдөж, үүнээсээ болоод  тэд “хонь, чоно” болсон. Тиймээс намаасаа нэр дэвших эрх олж авч чадахгүй бол бие даах, эсвэл МАХН-аас нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэнэ.

Өнгөрсөн сонгуулиудын дүн

1996 он: Н.Багабанди /МАХН/, Ц.Ганхуяг/АХ эвсэл/, Н.Батцэцэг/АХ эсвэл/

2000 он: Тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН” нэвт” ялалт байгуулсан. Б.Шаравсамбуу, Ш.Отгонбилэг, Д.Оюунхорол нар УИХ-ын гишүүн болж байлаа.

2004 он: Ч.Содномцэрэн, Д.Туяа, Я.Санжмятав. Хоёрнь “цэнхэр”. Нэг нь “улаан”

2008 он: Д.Балдан-Очир, Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу. Гурвуулаа МАН.

2012 он: Д.Оюунхорол /МАН/, Я.Санжмятав/АН/

                                                                                                                                                                     Ж.ЭРХЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна