Хуулийг давдаг тогтоол байх уу?

2016 оны 3 сарын 4

Төрийн ордон эл хуль, түшээд эзгүй байгаа ч Сонгуулийн хууль тойрсон зодоон эхэллээ. Дахин ээлжит бус чуулган зарлавал уу, АН, МАН-ынхан ч тоосоо гөвөлцөх шинжтэйдэг шүү.

Уг нь өнгөрсөн өвөл УИХ-аар Сонгуулийн хуулийг хэлэлцэж байхад нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын тойргийн мандатын тоог хүн амтай нь уялдуулан 12-оор нэмэгдүүлэхийг хүссэн ч орон нутгаас сонгогдсон гишүүдийн эсэргүүцэлтэй тулж байв. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс нэр бүхий зургаан аймгийн мандатын тоог тус бүр нэгээр бууруулж, нийслэлийн зургаан дүүрэгт шилжүүлэх санал гаргасан ч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас эхлэн бүдэрсээр төрхөмдөө буцсан түүх бий.

Ийм шийдвэр гарахад МАН-ынхан хагартлаа баярлаж, алга ташиж суусан бол саналаа дэмжүүлж чадалгүй өвдөг шороодсон АН-ын бүлэг даагаа нэхэхээр шийдэв.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачилсан нэр бүхий хуулийн төсөлд намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа 28-н мандатаас зургааг нь Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уулын тойрогт нэмж оруулах замаар хотын иргэдийн саналыг төлөөлөн парламентад суух хууль тогтоогчийн тоог нэмэх санаа суусан юм.

Монгол Улсын хүн ам гурван саяд хүрсэн, хөдөөнөөс Улаанбаатар хотыг зорих иргэдийн цуваа саарахгүй байгаа нь нийслэлийн тойргоос сонгогдох гишүүдийн тоог нэмэхээс аргагүйд хүргэж буй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон нэг гишүүн дүүргийнхээ 130 мянган иргэнийг төлөөлдөг бол Дундговь аймгаас сонгогдсон түшээ 40 мянган иргэнийг төлөөлдөг. Ачааллын хувьд гурав дахин их байгаа юм. Дунджаар нь авч үзвэл, нийслэлээс сонгогдсон нэг гишүүн 100 мянга орчим сонгогчийг төлөөлдөг бол орон нутгаас сонгогдсон нэг гишүүн 50 мянган орчим сонгогчийг төлөөлдөг судалгаа ч байх аж.  Энэ нь нийслэлийн тойргийн мандатын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж буй дүн юм.

Гол нь УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэзээ хэлэлцэх вэ?.  Ээлжит бус чуулганаар хэлэлцэх үү, эсвэл хаврын чуулганаар хэлэлцэх үү.

Хуулийн төслийг хэлэлцээд эхлэхэд АН, МАН-ын дунд ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй, болно гэдэг хэрүүл үүсэх нь ойлгомжтой болоод байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэвлэлд өгсөн байр сууриар бол Сонгуулийн хуульд “УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэдэг заалт тусаагүй ч НҮБ-ын Хүний эрхийн конвенцитэй холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолд “УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй” гэдэг заалт оржээ. Тийм учраас Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэж байна. Харин төсөл санаачлагч Ш.Түвдэндорж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах бүрэн боломжтой гэдгээ мэдэгдсэн. Энэ нь ч учиртай. Хуулийг давдаг тогтоол гэж үгүй. Нэг үгээр хэлбэл, хуулийг дагаж тогтоол хэрэгждэг учраас НҮБ-ын Хүний эрхийн конвенцитэй холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоол Сонгуулийн хуулийн өмнө хүчгүйдэхээс аргагүй болж буй.

Үе, үеийн парламент Сонгуулийн хуулийг өөрчилж, шинэчлэн батлахдаа “Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болдоггүй” гэдэг заалтыг суулгаж ирсэн ч энэ удаагийн УИХ тэрхүү заалтаа мартсан. Санаатай үйлдэл үү, санамсаргүй тохиолдол уу мэдэхгүй. Одоо хэр нь энэ заалтыг орхигдуулсны хариуцлагыг хүлээх эзэн гарахгүй, мөн асуудлыг хөндөхгүй байгаа нь хаа, хаанаа тохиролцож хийсэн алдаа гэж үзэхээс ч аргагүйд хүргэж буй. Харин энэ алдаа санаатай хийсэн үйлдлийнх үү, санамсаргүй хийсэн үйлдлийнх нь гор уу гэдэг нь нийслэлийн тойргийн мандатын тоог нэмэх төсөл тойрсон маргаанаар тодорхой болох биз.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна