Орос алтны хамгийн том худалдан авагч болов

2016 оны 3 сарын 4

 

Орос алтны хамгийн том худалдан авагч болсонд олон улсын валютын сан анхаарал хандуулжээ. Оросын төв банк энэ 2016 оны нэгдүгээр сард хамгийн их хэмжээний алт худалдан авчээ. Олон улсын валютын сангийн шинжээчдийн мэдээлснээр Оросын төв банк 688 мянган унц алт худалдан авсан аж. Харин Хятадын төв банк өнгөрсөн нэгдүгээр сард 520 мянган унц алт худалдан авчээ.

 

Оросын төв банкны төлөөлөгчийн мэдээлснээр улсын алт, валютын нөөц 3.2 тэрбум ам.доллараас 368.3 тэрбум ам.долларт болж нэмэгдсэн байна. Үүний 53 тэрбум ам.доллар нь алтны нөөц эзэлжээ. Өмнө нь  ОХУ үнэ буурсныг ашиглан 55 тонн алт худалдан авсан хэмээн “Daily Telegraph” сонин 2014 онд мэдээлж байжээ.

 

ОХУ найман сарын хугацаанд анхаарал татахгүйгээр aалт худалдан авч нөөцөө нэмэгдүүлсэн гэнэ. Түүнчлэн Хятадын “Want China Times” сонинд ОХУ-ын алтны нөөц 2005 оноос хойш хоёр дахин нэмэгдсэнийг мэдээлжээ. Олон улсын хэвлэлүүдэд бичсэнээр ОХУ болон Хятад хамтран ам.долларын эсрэг тэмцлийг эхлүүлсэн гэнэ. “Энэ бол ам.долларын эсрэг чимээгүй боловч хүчтэй дайралт. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэг их анхаарал таталгүйгээр их хэмжээний алт худалдаж авсан байна. Орос, Барууныхны улс төрд шинэ хүйтэн дайны нөхцөл байдал үүсч эхэлсэн нь хэдийн санхүүгийн салбарт нөлөөлж эхэлжээ” хэмээн Америкийн “Times” сонинтой жишигддэг Германы “Die Welt” сонинд мэдээлжээ.

 

Германы эдийн засагчдын үзэж буйгаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ, Европын хүчийг сулруулахыг хичээж байгаа гэнэ. ОХУ нь алтны нөөцөө нэмэгдүүлснээр Барууны валют олон улс дахь ноёрхлын эсрэг зогсох хүч болж байгаа аж. Тухайлбал, 2016 он гарсаар металлуудаас алтны ханш сайн байгаа юм. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд алтны үнэ 16 хувиар өслөө. Харин дэлхийн гол валютын нэг болох Их Британийн паундын ханш унасан байна. Энэ онд алт евротой харьцуулахад 16 хувиар, ам.доллартай харьцуулахад 17,5 хувиар, паундтай харьцуулахад 24 хувиар өссөн гэж BNY Mellon мэдээлжээ.

 

 Түүнчлэн энэ нь Барууны эдийн засгийн хоригийн эсрэг тэмцэхэд том нэмэр болох гэнэ. Украины зөрчлөөс үүдэн ОХУ болон Барууны харилцаа муудаж, харилцан эдийн засгийн хориг арга хэмжээ авсан билээ. Европын холбоо Оросын эсрэг хоригийг ирэх долдугаар сарыг хүртэл сунгасан төдийгүй цаашид ч үргэлжлүүлэн сунгах төлөвтэй байна.

 

 Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна