Хууль тогтоогчид уу, тонгорогчид уу?

2016 оны 3 сарын 4

Тэр өдөр улаантнууд баяраа тэмдэглэж, төв талбайн хоёр хөшөөний нэгэнд мөргөж, нөгөөд нүд үзүүрлэж байлаа. Намгүйн зовлонг их хааны хөшөө “эдлэв”. Арга ч үгүй. Хөшөөг нь байтугай эзнийг нь феодал гэж номлолоо айлдсан улаан он жилүүдээр бол нам, засгийн дайсан нь байсан хүн шүү дээ, хаан маань. Нэрийг нь хэлж, дээлээ нөмрөхөөс айдаг байлаа даа.

Ингэж өөрсдийгөө л “эх орончид” гэж байх зуурт улаантнуудын духан дундуур нь сүхдэх шиг нэгэн үйл явдал болов. Л.Амгалан Түвдэнгийн Борын дүрд тоглосон нь түгэн дэлгэрч байх ахуйд Түвдэндоржийн боловсруулсан Сонгуулийн хуулийг төсөлд Засгийн газар тусгайлсан санал байхгүй учраас УИХ руу өргөн бариулахаар болсон тухай мэдээ хуурай өвсөнд гарсан түймэр мэт хэвлэлээр тарж байлаа. Юун баяр. Далаараа даруулах нь тэр. Оны өмнө өөрсдийнхөөрөө батлуулчихлаа гэж даналзаж явсан МАН-ынхан  сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуучны заалтыг шинэ хуулиас хайгаад олсонгүй. “Хулгайчаа” урсгана биз дээ. Ингээд үүнийг харж, хамгаалаагүй УИХ-ын гишүүддээ уурлаж, яван явсаар бүлгийн даргын буруу болоод өнгөрөв.  Одоо яах вэ дээ. Хориг байхгүй юм чинь, хуулиа л дагана даа болж ээлжит бусыг зарлахаар болж байх шиг байна.

Сонгуулийн хууль батлагдахаас өмнө нийслэлийн мандатын тоог нэмэх санал гарч байсныг МАН-ынхан хэлж нэг, хаяж нэг гарсаар хивэнд нь үлдээж дөнгөсөн. Харин АН-ын даргын хөзөр тухайн үед мандатын тоо бус сонгуулийн хуульд засвар оруулах хугацаа байсныг уншиж чадсангүй.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан төслөөр намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа 28 мандатаас зургааг нь нийслэлийн “өмч” болгох юм. Энэ нь нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүргийн мандатын тоо тус бүр нэгээр нэмэгдэж, сонгуулийн тогтолцоо 48х28 бус 54х22 болно. Нийслэлийн хувь нэмэгдвэл АН илүү суудал авах магадлалтай. АН нийслэлд олон суудалтай болбол жагсаалтаар хойгуур бичигдсэн нөхөд нь орж ирэх магадлал, хувь өснө. Сүхбаатарын талбайн хажууд контортой баатарын багт хотынхон илүү оноо өгөх болохоор ийм тактик боловсруулжээ.

Сонгуулийн хууль батлагдахаас өмнө нийслэлийн мандатын тоог нэмэх санал гарч байсныг МАН-ынхан хэлж нэг, хаяж нэг гарсаар хивэнд нь үлдээж дөнгөсөн. Харин АН-ын даргын хөзөр тухайн үед мандатын тоо бус сонгуулийн хуульд засвар оруулах хугацаа байсныг уншиж чадсангүй.

Хуулийн тогтвортой байх тухай энд яриад ч хэрэггүй биз. Улс төрийн дээрх хоёр хүчний хэн нь ч ялгаагүй ийм увайгүй үйлдэл хийдэг.

Өмнөх сонгуулийн чимээгээр МАНАН-г арилгаж, оноо цуглуулахаар АН засгаас гарч, засагт ажилласан сайд нараа З.Энхболд “АХА”-гийн асуултаар намнаж байсан. Гэтэл тэднийг засгаас гарсныг нь далимдуулж эрдэнийн хувийг нь хоосон цаас төдийгөөр нь МАН эрх баригчийн хувиар зарлаж, оронд нь Тавантолгойг барьцаалж мөнгө зээлээд эх орны хишиг хэмээн тараасан.

Эх орны нэртэй эх орончдын энэ гайгаас болж андуураагүй бол өнөөдөр монголчууд 110 сая долларын өртэй хэвээрээ байгаа. Түүнээс хойш хоёр дахь сонгуулиа хийх гэж байна. Өөрийн толгой дээрх тэмээг харалгүй “МАН ирээдүйдээ эх орон үлдээсэн. АН үр хойчдоо өр үлдээсэн” гэх сурталчилгаа явуулаад буйг нь иргэд харж л суугаа.  

Өөрсдөдөө ашигтай зүйл бол хамтарч, ашиггүй бол намнаж хувиа хүртдэг нь тэдний нийтлэг төрх. Тийм болохоор л сонгууль болохын өмнө “шударга, хүний эрх, сонгогчдын эрх” гэж байгаад хуулиа өөрсөддөө тааруулж өөрчилдөг.

Сүүлдээ татвараас зугтаж, ашиг орлогоо нууж байгаад эдийн засгийн эрүүлжүүлэх нэрийдлээр хууль гаргаж хууль бус үйлдлээ хаацайлдаг болсон. Монгол мафийн системд шилжсэн гэдгийг Эдийн засгийн ил тод байдлын хуулиар ил болсон ДНБ-ыг дөрвөөр үржүүлсэн ч илүү гарах хөрөнгө харууллаа.

Тэд нийтэд биш өөрсдөдөө зориулж хууль баталдгийн хоёрхон жишээ энэ.

Хууль тогтоогчид хуулийг өөрсдийгөө хамгаалах зэвсэг, сонгогчдыг намнах бороохой болгож байна. Өөрсөдтэй нь хариуцлага тооцох хуулийг шууд унагаадаг. Харин халамж, ашиг авчрахыг нь дэмждэг болсон. Эрх, мэдэл, албан тушаалын төлөө энэ парламент түүхэндээ байхгүй ирц бүрдүүлж, эдийн засгийн ач холбогдолтой, иргэдэд хэрэгтэй хууль хэлэлцэх болохоороо ирц бүрддэггүй.

Цаашид ч энэ дарангуйллаа хадгалахаар тэд хууль хүртэл боловсруулж байна. Тэр хууль нь Түвдэндоржийнхон, Түвдэнгийн Борынхон хоёр л ашигтай. Солонгын долооны өнгөнөөс хоёр нь л цацарна гэсэн үг. Үлдсэн өнгө өнгөлөх боломжгүй. АН-ынханд хотод ам сайтай, МАН-ынхан хөдөөд хөл чангатай.  

Ийм л хошин хууль бидэнд үйлчилж байна. Үүнийг гэхдээ бид өөрсдөө сонголтоороо бий болгосон. Үйл лайг нь ч эдэлнэ. Ийм болохоор ч попууд өнөөдөр хүчтэй байна. Үнэндээ тэднийг бид өөрсдийг нь ганц бодлоо гэж дэмжээд байгаа ч тэдний алсуур учруулах хөнөөл нь илүү аюултай. Бидэнд хуульгүйн хууль үйлчилж байна.

Иргэдэд бус намд төрийн эрх мэдэл байгаа цагт өөрөөр ч яах билээ. Хуульгүйн хуулийн гаслагч Л.Нарантөгс. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна