Yahoo! сэхэл авах уу?

2016 оны 3 сарын 4

Facebook-д царай муутай хүн алга

Twitter-т тэнэг хүн алга

Yahoo!—д хэн ч алга гэх хошигнол бий болжээ.

Хэдий интернет орчинг Yahoo!-гүйгээр төсөөлөхөд бэрх боловч  Yahoo-гийн хувь тавилан хаашаа ч эргэж мэдэхээр болжээ.  Эргэн санахад Yahoo! компани хамгийн анхны томоохон олонд танигдсан хайлтын систем мөн байсан уу гэвэл үнэхээр тийм.  Анх байгуулагдсан цагаасаа эхлэн тасралтгүй амжилт нь өсөж байсан энэ компани 8 жилийн өмнө буюу 2008 онд үйл ажиллагааныхаа хамгийн оргил үеийг туулжээ.  Түүнээс хойш  зах зээлийн хуулиар ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг Google, Bing, Ask гэх зэрэг хэд хэдэн ижил төстэй компаниуд зах зээлд нэвтэрсэн үеэс эхлэн Yahoo! гандан буурахгүй хүчтэй өрсөлдөгч хэвээр байсан боловч тэдгээр өрсөлдөгчдийн нөлөөгөөр орлого нь багасч эхэлсэн байна. 2007-2012 он хүртэлх 5 жилийн хугацаанд тус компани нийт таван Гүйцэтгэх захирлын нүүр үзжээ.

2012 оноос эхлэн санхүүгийн асуудлууд нь даамжирч, Yahoo! компанийн хувьцааны үнэ савалж эхэлсэн бөгөөд тухайн үед  зардлаа хэмнэхийн тулд  ажиллагсдынхаа  14 хувийг цомхотголд оруулах шийдвэрийг шинэхэн Гүйцэтгэх захирал Марисса Мэйер гаргаж байжээ. Энэхүү шийдвэр нь компанид үүссэн санхүүгийн хүндрэлийг нэг хэсэгтээ л тогтоон барих хүч болно гэж үзсэн байна. Тэдний хүсснээр “нэг хэсэгтээ” биеллээ олжээ.

Ингэж хэлэхийн учир нь одоо ч гэсэн тус компанийн санхүүгийн байдал яг л тэр үе шиг сайнгүй үзүүлэлттэй хэвээр байна. Хувьцааны үнэ 40 хувиар унаад байгаагийн дээр хөрөнгө оруулагчдын зүгээс удирдлагуудад хоёр хувилбараас сонголтоо хийхийг тулгасан байна. Нэг бол компанийг зарах, аль эсвэл өөрсдийнхөө  суудлыг өөр хөрөнгө оруулагчдаар сэлгэх ажээ.

Харин нөхцөл байдлыг арай өөр өнцгөөс үнэлсэн удирдлагууд өөрсдийн гуравдагч сонголтыг хийж, хэрэгжүүлэхээр болсныг өнгөрсөн баасан гаригт Гүйцэтгэх захирал Марисса Мэйер зарласан юм. Энэ бол компаний үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх зорилгоор шинэхэн баг бүрдүүлэх цус сэлбэлт байлаа. Арга ч үгүй юм. Учир нь 2015 оны ес болон аравдугаар саруудын үеэр  хэд хэдэн захирлууд ажлаасаа гарсан юм.

Гэсэн хэдий ч  удирдлагуудын энэхүү шийдвэрийг компанийн томоохон хувьцаа эзэмшигч нар сайшаан хүлээж аваагүйн дээр, Yahoo! компанийн үйл ажиллагааны гол зүрх болсон интернет бизнесийг зарах санал тавьсан хэвээр байгаа тул компанийн  удирдлагууд шаардлагыг хүлээн авах аль эсвэл гүйцэтгэх захиралдаа дахин нэг удаа итгээд үзэхийн нэгийг сонгох хэрэгтэй болоод байна.

Шинээр байгуулагдсан тэрхүү түргэн тусламжийн баг нь олон улсад нэр хүнд бүхий эдийн засгийн болон хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын төлөөллөөс бүрджээ. Жишээлбэл: санхүүгийн зөвлөгөө туслалцаа авахын тулд Goldman Sachs, JP Morgan болон  PJT Partners компаниудыг сонгосон бол хууль зүйн зөвлөгөө авах хамтран зүтгэгчээрээ Cravath, Swaine болон Moore LLP зэрэг хуулийн фирмүүдийн мэргэжилтнүүдийг сонгожээ.

Шинэчлэл шаардлагатай хэвээр

Yahoo!-ийн Гүйцэтгэх захирал Марисса Мэйер нэгэнт нөхцөл байдал ийм байдалд хүрэх нь тодорхой байсаар байхад ямар нэгэн халгаа сэлгээ, бүтцийн өөрчлөлт хийлгүйгээр гурван жил хагасыг ардаа үдсэн бөгөөд энэ хугацаанд цаг ирэх тусам орлого нь буурч буй компанид хөрөнгө оруулсан томоохон хувьцаа эзэмшигчдийн санаа зовнил улам бүр ихсэж худалдан авах сонирхолтой компани байгаа дээр үнэлгээгээ улам илүү бууруулахаас өмнө зарах гэж улайрч буй юм. Yahoo! компани нь хэрэглэгчдийнхээ тоог нэмэх шинэ санаа болоод хэв маягаараа хоцрогдсон уйтгартай орон зай болсон нь огт оргүй зүйл биш бөгөөд хэрэв үүнд хэн нэгэн буруутай бол технологийн дэвшил л буруутай байж болох юм.

Нокиа компани л гэхэд саяхан Microsoft-ийн эзэмшилд очихоор болсон хийсэн харамсалтай мэдэгдлээ төгсгөхдөө: “Бид юуг ч буруу хийгээгүй боловч, энэхүү тэмцэлд ялагдал хүлээж байна. Бид дэлхийн хурдацтай хөгжлийг гүйцэж чадсангүй” хэмээсэн нь шинэ санаа орчин үед хичнээн чухал зүйл болсныг гэрчилж буй юм. Учир нь хэрэглэгчдийн хүсэл хэрэгцээ хоёрын аль нь түрүүлж хөгжөөд буйг ч яг таг хэлэхэд хэцүү байгаагийн дээр тэр чинээгээрээ хэрэглэгчид уйдамтгай, шинийг эрэлхийлсэн болон хувирчээ. 

Цорын ганц давуу тал

Хэдийгээр орлогын хэмжээ нь буурсаар байгаа боловч нэгэнт интернет орчинд тэрбум гаруй хэрэглэгчидтэй хүн бүхний хамгийн сайн мэдэх интернет хэрэгсэл бол Yahoo!.  Муу мэдээ гэвэл өнгөрсөн хугацаанд хайлт хийх үйлдлийн системийн хувьд Google-ийг урдаа оруулж орхисон бөгөөд, ингэснээр онлайн сурталчилгаагаар орж ирэх ашиг нь эрс багасчээ.

Сонирхолтой нь 2001-2007 оны хооронд Yahoo!–гийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Google компанийг 1 тэрбум доллараар худалдан авах санал нь Yahoo!–гийн үндэслэгчдээс дэмжлэг авч чадаагүй ажээ.

Ер нь энэ мэт томоохон бөгөөд салбартаа анхдагч компани яг одоо шиг байдалд орохыг алгаа маажин хүлээн суудаг хөрөнгө оруулагчид дэлхий дээр олон бий. Энэ ч утгаараа хэвлэл мэдээллүүдээр Yahoo!-г худалдан авах чадвар бүхий байгууллагуудыг нэрлэж эхэлсэн бөгөөд, эдгээр хүчирхэг компаниудын жагсаалтыг саяхан AOL болон Rupert Murdoch's News корпорацийг худалдан авсан Verizon хэмээх  харилцаа холбооны компани тэргүүлж байсан юм. Хэрэв тийм зүйл болсон бол Yahoo!-ийн 31 тэрбум долларын хөрөнгө Хятадын Алибаба группийн нулимсыг дэмий урсгасан үйл явдал болох байсан юм.

Тэгэхээр, хэдий санхүүгийн ашиг болон хэрэглээгээрээ дээгүүр жагсаж чадахаа больсон боловч  Yahoo! компани сэхэл авахааргүй болтлоо ирээдүйгүй найдваргүй компани болон хувирчихаагүй гэдгийг дээрх томоохон корпорациуд батална.  Гэхдээ хэр удаан сэхэл авахтайгаа байхыг нь хэн ч хэлж мэдэхгүй юм.

Тиймээс он гарснаас хойш гэхэд л дэлхий даяарх нийт салбрууд дахь ажиллах хүчний даруй 15%-ийг цомхотгож, хилийн чанад дахь 5 ч салбраа хаагаад байгаа аж. Ингэснээр Yahoo! жилд 400 сая гаруй долларыг хэмнэх юм байна. Судалгаагаар, Yahoo! компанийн ажилчдын 34% нь л компаний нөхцөл байдал сайжирч байгаа гэсэн найдвартай байгаа үр дүн гарсан бөгөөд, “Энэ нь компаний ажилчид өөрсдийн байгууллага болон Гүйцэтгэх захиралдаа итгэлгүй байгааг харуулж байна” гэсэн дүгнэлтийг GlassDoor компани гаргажээ. Марисса Мэйер “Yahoo! бол гурван жил хагасын өмнө миний томилогдог очсон үетэй харьцуулвал илүү хүчирхэг, илүү орчин үеийн компани” гэсэн утгатай мэдэгдлүүд хийсээр байгаа боловч, тэдгээр үгс нь харамсалтай нь хүмүүсийн итгэл үнэмшлийг төдийлөн төрүүлж чадахгүй байсаар байна.

                                                                                                            Г.СҮМБЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна