МҮЭ хэний эрхийг хамгаалав

2016 оны 3 сарын 4

Монгол улс төргүй юм алга болжээ. Төрийн алба, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд гээд өөр өөрийн чиглэл, статустай ч бүгд л намын дээвэр дор зангидагддаг болжээ. Нам дагасан залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын холбоо гэх нэртэй байгууллагуудаас эхлээд дэмжигчдийн клуб гэхчлэн үргэлжилнэ.

Өнөөдөр дэлхийд хамгийн хүчтэй үйл ажиллагаа явуулж гишүүдийнхээ эрх ашгийг хамгаас илүү хамгаалдаг байгууллага бол үйлдвэрчний эвлэл. Аль улсад энэ байгууллага гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахад л цор ганц үйл ажиллагаагаа чиглүүлдэг болохоор нам хүчинд найр тавьдаггүй. Ингэх нь өөрсдийгөө боомилж буйд тооцогддог.

Монголын хилээр орж ирсэн шувуу хүртэл буруу дэвдэг гэгчээр Монголд харин эсрэгээрээ болжээ. 220 мянга орчим гишүүнтэй энэ аварга байгууллага сүүлийн үед хэт улс төржсөн шийдвэр гаргадаг болсны нэгэн илрэл нь өнөөдөр “МАХН-ын дарга Н.Энхбаяр МҮЭ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна” гэх зар.  МАХН-ын зүгээс өөрийн намын даргыг хэт дөвийлгөж ийм зар тараасан байж болох ч ямартай ч хамтран ажиллахаар болжээ гэдгийг МҮЭХ-ноос тараасан “"МАХН-д хөдөлмөрчдийн нийгмийн захиалга" баримт бичиг гардуулна” гэх зар гэрчилнэ.

Засгийн газарт бус, эрх баригчдад бүр ч биш Н.Энхбаярт захиалга хүргүүлээд буйг улстөржиж байна гэхээс өөр юу гэх вэ?

Ийнхүү МАХН-ын “дээвэр” дор МҮЭХ орж буй бололтой. Энэ нь цаад утгаараа тус холбооны 220 мянган гишүүнчлэлийг улстөржүүлэх нь гэж хардахаас өөр арга алга.

Одоогоос хэдхэн жилийн өмнө Сү.Батболдын засгийн газрын үед 30 орчим иргэний хөдөлгөөнүүд Засгийн газартай хамтран ажиллах нэрийдлээр мөнгө авч, Засгийн газар нь иргэний хөдөлгөөнөө дэмжих нэрийдлээр авлигадаж  амийг нь барьсан. Харин энэ удаад ийнхүү улстөржилгүй цор ганц үлдсэн байгууллага үгүй боллоо. Одоо энэ байгууллага хэний төлөө, хэний эрхийг хамгаалах вэ?

Л.ХАЛИУ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна