Ерөнхийлөгч “Хөх сувд-2016” мөсний баярын нээлтийн ёслолд оролцов

2016 оны 3 сарын 4

Хөвсгөл аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгалд тосгонд болж буй “Хөх сувд-2016” олон улсын мөсний баярын нээлтийн ёслолд оролцлоо. Төрийн тэргүүн урчуудын гараар сүндэрлэсэн мөсөн баримлууд болон нутгийн иргэдийн урлаж бүтээсэн гар урлалын зүйлсийн үзэсгэлэнг үзэж сонирхов. Монгол орны хамгийн гүн, цэнгэг Хөвсгөл нуурын өвлийн гайхамшигт үзэмжийг олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг мөсний баярыг 17 дахь жилдээ  аймгийн ЗДТГ, аялал жуулчлал эрхлэгчид, хувийн хэвшил хамтран зохион байгуулж байгаа юм байна. Мөсний баярт гадаадын зочид гийчид олноороо ирж, олон улсын шинж чанартай арга хэмжээ болж чаджээ.

“Хөх сувд-2016” олон улсын мөсний баярын нээлтийн ажиллагаан дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн нийт ард иргэдийнхээ амар амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Сайн сууцгааж байна уу. Сайхан хаваржиж байна уу.

Манай хөвсгөлчүүд улс орныхоо хоймрыг эзэлж, хийморийг дэвжээж, аз жаргалтай сайхан амьдарч байгаа ард түмэн. Байгалийн сайхантай, хүний сайхан цугласан ийм газар орон бол Хөвсгөл нутаг юм. Хөвсгөл нутгийнхаа ард иргэдтэй уулзаж, Хөвсгөл далай ээжийнхээ сайхан хойморт хүрэлцэн ирсэндээ туйлын их баяртай байна.

Энэ сайхан баярт улс орныхоо өнцөг булан бүрээс цаг заваа гарган алс холоос хүрэлцэн ирсэн нийт хүмүүст талархаж байна. Хөвсгөлийн ард түмний нэрийн өмнөөс, энд оролцож байгаа бүх хүмүүсийн нэрийн өмнөөс та бүхэнд гүн талархал илэрхийлье. Баяр хүргэе. Хөвсгөлийг зорин ирэх хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ жил ч нэмэгдэнэ. Ирэх жилүүдэд ч нэмэгдэнэ гэж бодож байна. Аливаа зочин гийчин, ирж байгаа хүмүүсээ бид байгаагаараа угтдаг. Хүн сайхан сэтгэл гаргаад, зөв сэтгэл гаргаад, ирсэн зочин гийчинтэйгээ зөв сайхан харилцаад явах юм бол түүнээс илүү дээд гэж үгүй. Тийм учраас ирж байгаа хүмүүстээ үйлчилгээгээ үзүүлж, сайхан харилцаж, үзүүлэх зүйлээ үзүүлж, харуулж явах юм бол Хөвсгөл нутгийг зорих хүмүүсийн тоо олон болно.

Энд гадаадын орнуудаас олон жуулчин, аянчин хүрэлцэн ирсэн байна. Усны уртаас, гадаадаас Хөвсгөл нутгийн мөсний баярыг үзэхээр ирсэн аянчин, жуулчдад бүгдэд нь баяр хүргэе. Монгол оронд минь тавтай морилоорой. Хөвсгөл нутагт минь тавтай морилоорой гэж хэлье.

Хөвсгөлийн мөсний баяр жилээс жилд улам өргөн дэлгэр сайхан болох болтугай. Хөвсгөлийн мөсний баярт ирэх хүмүүс улам олуулаа болох болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Энэ жил Монгол Улс Их Монгол Улсаа байгуулсны 810 жилийн тэгш ойг улс орон даяараа тэмдэглэнэ. Хөвсгөл нутаг руу олон хүн ирэх байх аа гэж бодож байна. Хөвсгөлчүүд энэ жил их хийморьтой байгаа. Цагаан сарын барилдаанд Хөвсгөл нутгийн хүү Содномдорж түрүүлсэн. Хөвсгөл нутгаас Монгол Улсын алдарт, манлай уяачид төрсөн. Их сайхан байгаа гэдгийг энд хэлье.

Хөвсгөлд зохиогдож байгаа мөсний баяр маань зөвхөн Хөвсгөлийн брэнд биш, Монголын брэнд болох болтугай. Монголын нэр төр болох болтугай гэж ерөөе. Зөвхөн монголчуудын баяр биш, цаашдаа олон улсын баяр болох болтугай гэж ерөөе.

Энд манай урлаачдын хийсэн мөсөн баримлууд үнэхээр гайхамшигтай байна. Мөсөн баримал хийдэг газруудад манай залуучууд очиж баримал барьсан. Саяхан Хятадын Харбин хотод болсон мөсөн урлаач, уран бүтээлчдийн урланд манайхан очсон. БНХАУ гэдэг хэчнээн том улс билээ.  Хэчнээн олон уран бүтээлчтэй билээ. Олон улсын маш орлон урчууд оролцоход Монголын мөсөн урлаачид алт, мөнгө, хүрэл медаль бүгдийг түүсэн, авсан. Тэнд оролцож урлагийнхаа бүтээлийг толилуулсан урлаачдадаа, уран бүтээлчдэдээ туйлын их баярлалаа.Та бүхний маань ажил үйлс, уран бүтээл улам өөдрөг байх болтугай гэж хүсэн ерөөе.

Хөвсгөл нутаг маань их өвөрмөц газар. Зургаан ястан амьдардаг. Монголын гайхамшигтай соёл, өв уламжлалыг хадгалсан ийм ард түмний төлөөлөл юм. Дуу хуураа бидэнд үзүүлсэн аймгийн театрын болон бусад уран бүтээлчдэд талархлаа. Та бүхний өмнөөс тэдэнд баяр хүргэе.

Би Хөвсгөл нутагтаа ирэх их дуртай. Цаатан ардынхаа дунд очиж, цаатан айлд хонож, сайхан цагуудыг өнгөрөөж байснаа санаж байна. Шинэ Үндсэн хуулиа Монгол Улс баталж, УИХ-ын анхны сонгууль болоход Хөвсгөлийн ард түмний гүн дэмжлэгийг хүлээн сонгогдсоноо санаж байна. Та бүхнийхээ дэмжлэгт үргэлж талархаж явдаг шүү гэдгийг хэлье.

Хөвсгөлийн ард түмний буян заяа улам өөдрөг байх болтугай. Далай ээж маань ариун тунгалаг байх болтугай. Монгол түмний хийморь үргэлж өөдрөг байх болтугай. Мөсний баярт хүрэлцэн ирэх хүмүүсийн тоо улам олон болох болтугай. Монгол Улс маань өргөжин дэгжин хөгжих болтугай.

Хурай, хурай, хурай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хатгал тосгон дахь Хөвсгөл далайн Доод модот буланд болсон Мөсний баярын нээлтэд ийнхүү оролцоод аймгийн төв Мөрөн сумыг зорьсон юм.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна