"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

2016 оны 3 сарын 4

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарын эхэнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэллээ. Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.

Тус хууль нь Шүүхэд нэхэмжлэл гаргах, Хэргийн оролцогчийн эрх зүйн байдал, Нотлох баримт, Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж, Нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах, Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх, Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, Шүүх хуралдааныг товлон зарлах, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогч, хуралдааны нийтлэг журам, Анхан шатны шүүх хуралдааны дэг, шүүхийн шийдвэр, Тусгай журам, Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах зэрэг бүлгээс бүрдэж байна. Энэ хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Ард нийтийн санал асуулгын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд,

·сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

·Санал асуулга бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр оролцох эрхтэй.

·Иргэн санал асуулгад ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана.

·Санал асуулга нь чөлөөтэй байх бөгөөд иргэнээс санал асуулгад оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.

·Иргэн хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа гаргах боломжоор хангагдсан байна.

·Иргэн саналаа нууцаар гаргана гэх зэрэг санал асуулгын зарчмыг тодорхойлжээ.

Түүнчлэн санал асуулгаар,

·Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд санал асуулга явуулна.

·Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно.

·Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилжээ.

Ард нийтийн санал асуулга явуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь санаачлах эрхтэй.

Иргэд санал асуулга явуулах тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүнд уламжлах бөгөөд энэ саналд санал асуулга явуулах болсон үндэслэл, тооцоо, холбогдох бусад баримт бичгийг хавсаргана гэж хуульд заасан байна.

Түүнээс гадна санал асуулга явуулах шийдвэрийг гаргах, санал асуулгыг товлон зарлах, санал асуулга явуулахтай холбогдсон зардлыг хэрхэн санхүүжүүлэх, хэмжээг хэн батлах зэргийг тогтоож өгсөнөөс гадна санал асуулга явуулах нутаг дэвсгэр, сонгуулийн байгууллага, түүний зохион байгуулалт, бүрэн эрх, иргэдийн нэрийн жагсаалт, санал авах, тоолох, дүн гаргах зэрэг асуудлыг хуульчилсан байна.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Барилгын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэллээ. Барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршиж байна.

Эмхэтгэлд, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг тус тус нийтэллээ.Эдгээр хуулиар хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зарчим, тогтолцоо, гэр бүл, нийгэм дэх хүүхэд хамгаалал,  хүүхэд хамгааллын хяналт, шинжилгээ, үнэлгээ, санхүүжилт, хүүхдийн эрхийг хангахад төр, иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоог нарийвчлан тусгасан байна. Эдгээр хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байна.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх, түүнийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, оролцоо, баримтлах зарчмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад,

·хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг үл тэвчих;.

·хөгжлийн бэрхшээлтэй хүний сонголт хийх эрх, хараат бус байдлыг хүндэтгэх;

·сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмших зэрэг бүхий л харилцаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг саадгүй, хүртээмжтэй хангах орчин, нөхцөлийг бүрдүүлэх;

·хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэгш, хүртээмжтэй хүргэх явдал нь бүх нийтийн үүрэг байх;

·хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоог хангах зэрэг зарчмыг баримтлахаар хуульд тусгагдсан байна.

Эмхэтгэлд, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг нийтэллээ.

Энэ хуулийн зорилт нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, Сангийн өгөөжийг хуваарилах, Сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах, макро эдийн засгийн тогтвортой, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байна.

Эмхэтгэлд, дээрх хуулиудтай холбоотой бусад хуулийг нийтэлсэнээс гадна Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон зарим олон улсын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг тус тус нийтэллээ.

Мөн дугаарт Улсын Их Хурлын зарим тогтоол, Засгийн газрын тогтоол болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна