О.Нямдаваа: Аавынхаа бийр будгийг хатаачихгүй юмсан

2016 оны 3 сарын 4

Төрийн шагналт, Ардын зураач Г.Одон агсны хүү О.Нямдаваатай ярилцлаа. Тэрээр аавынхаа авьяасыг өвлөн, урлагийн салбарт 40 гаруй жил зураачаар ажиллаж байна.

-Таныг Москвагийн Кино урлагийн дээд сургууль төгссөн цөөхөн зураачийн нэг гэж сонссон. Нэг нь соёлын гавьяат зүтгэлтэн П.Цогзол гуай байх аа. Өөр ямар хүмүүс байна вэ?

-Тухайн сургуулийг Монголоос дөрвөн зураач төгсөж байлаа. Одоо П.Цогзол ах бид хоёр л байна даа. Бусад нь бурханы оронд заларчээ. Би саяхан П.Цогзол ахтайгаа таарсан. “Эрийг нас уулыг цас дарна” гэдэг юутай үнэн үг вэ. Ах минь намайг танихгүй шахам байна лээ. Надаас арав гаруй ах юм шүү дээ.

-П.Цогзол гуайн бие тийм тааруу байна уу. Та гэрт нь очоо юу?

-Зуун айлд байдаг ур­ланд нь  таараад жаахан юм ярьж суулаа. Тэгээд гэрт нь хүргэж өгсөн.  Намайг хараад таньсангүй. Дуу хоолой­гоор маань л “Аан Нямдаваа юу” гэж байна.  Тийм л их мэдрэмжтэй хүн дээ.  Ах минь одоо уран бүтээлээ хийж чадахгүй байгаа гэнэ. Ер нь зураачдын хараа хамгийн түрүүнд мууддаг гэж үнэн юм аа. Бид хоёр Хөгжим бүжигт нэг багшийн шавь байсан.  Мөн Москвагийн Кино урлагийн дээд сур­гуульд суралцсан, замнал ойролцоо хүмүүс дээ.

-Та Москвагийн кино урлагийн дээд сургуульд хэдэн жил суралцсан бэ.  Томоохон орны их урлагаас богц дүүрэн ирсэн байх даа?

-Тийм шүү.  Зургаан жилийн амьдрал  минь тэнд өнгөрчээ. Тухайн үед сургууль маань дэлхийд алдартай байлаа.  Би 1971 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн зургийн анги төгссөн. Төгсөөд кино үйлдвэрт зураачаар ажиллаж байгаад 1973 онд Москва руу явсан байдаг.  Тэр үеэс нь кино урлагтай амьдралаа холбож 40 гаруй жилийг үджээ.  Сургуульдаа мэдээж олон зүйл сурсан. Гэхдээ практик талын зүйл заана уу гэхээр тухайн хувь уран бүтээлчийн сэтгэл рүү өнгийгөөд сэтгэлийг нь удирдаад байдаггүй. Урлагт ямар нэгэн хууль байдаггүй гэдгийг би тэндээс хамгийн их ойлгож байлаа.  Урлагийн хүн болсон л бол сэдэл, мэдрэмж бүх зүйлд минь хязгаар гэж байхгүй.  Энэ хугацаанд ч тэр л сэтгэл мэдрэмжээрээ уран бүтээл хийж иржээ.

-40 жил гэдэг бага хугацаа биш.  Уран бүтээлийн тухайд та хэдэн кино хийсэн байна. Тоо хэлэх үү?

-Тоогоо алдахаар олон кино ч бас алга аа. Саяхан үзэхэд 40 гаруй уран сайхны кино байна. “Эргэж бодох бодол,  “Хуучин сүмийн нууц”, “Сахиул уу сахиус уу”, “Фронтод явах өргөдөл”, “Намар нахиалсан мод” гээд хүмүүс мэднэ байх аа. Хамгийн анх гэвэл 1973 онд “Нар хиртсэн жил”  гэдэг кинонд ажиллаж байсан юм. Одоо эргээд бодоход би урлагийн амьдралд тооны хойноос хөөцөлдөж, салхинд хөөгдсөн мэт хөнгөн хуумгай яваагүй юм байна. Зогсох газраа зогсож, бодох зүйлээ бодож хөдөлдөг байжээ.  Ийм л бодол төрдөг дөө.

-Та их даруухан хүн үү. Ийм олон уран бүтээл хийсэн атлаа одоог хүр­тэл хэвлэл мэдээллээр өөрийнхөө тухай ярьж байгаагүй юм байна?

-Ер нь би өөрийнхөөрөө байх их дуртай.  Киноныхоо зурганд явна, зав гарвал ур­ландаа зургаа зурна. Энд тэнд юм яриад явах зав, сонирхол ч байдаггүй.  Гэхдээ бас даруухан хүн үү гэвэл үгүй байх аа. Уран бүтээл хийж байгаа үед бадрах зүйл гарна. Амбийц хөдөлнө.  Миний хийсэн зураг төслийг гүйцэтгэх хүмүүс ажилладаг. Цаанаас өгсөн төсөвт тааруулан тайзыг янз бүрийн зүйлээр ч аргалах хэрэг гарна шүү дээ. Тэр бүхэнд тайван суугаад байж болдоггүй юм. Өөрийнхөө уран бүтээлийг хамгаалах хэрэг гарна.

-Төсөв мөнгө гэснээс одоогийн зах зээлд нэг кино ямар өртгөөр бүтэж байна вэ?

-Янз бүр дээ. Би 2014 онд залуустай хамтарч “Амьд­рал нулимсанд дургүй” гэдэг кино хийсэн. Тухайн уран бүтээл 200 сая төгрөгөөр босож байлаа. Энэ бол дундаж ханш юм. 1970, 1980 оны үед бол түүхэн кино 500-600 мянга, уран сайхны бүтээл 200 мянган төгрөгөөр л бүтдэг байлаа. Техник тех­нологийн хө гжил мөн цаг үеэ дагаад кино урлагийн үнэ цэн ч өсөж байна.

-Нэг кино дунджаар 200 сая төгрөгөөр бүтэж байна гэлээ.  Үүнээс зураачийн хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг юм бэ?

-Найруулагч, зураглаач, зураач гэсэн эрэмбээр үнэл­дэг.  Найруулагч таван сая байлаа гэхэд зураглаач 4.5, зураач дөрвөн сая гэж үнэлэх жишээтэй.  Ерөн­хийдөө энэ эрэмбээр үнэлдэг байдал дээр үеэс эхлээд л одоо кино урлагт жишиг болж дээ.

-Та 40 жил кино зураа­чаар ажилласан. Санхүүгийн хувьд таныг энэ мэргэжил баттай авч явж чадсан уу. Та юу гэж боддог вэ?

-Урлагийнхан ер нь нээх овоож оцойтол олоод, баяжаад байж чаддаггүй л дээ. Гэхдээ энэ амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Сэтгэлээрээ баян хүмүүс. Санхүүгийн их хүчээс илүү сэтгэлийн хүчийг урлаг маань өөрөө өгч байдаг юм. Түүнээс биш мөнгө харж амьдрана гэдэг утгагүй юм. Хийсэн зүйл, хэлж ярих түүхтэй байна гэдэг энэ амьдралын баялаг юм шүү дээ. Би кино уран бүтээлээс гадна уран зургаа ч орхиогүй.  Яагаад гэхээр би өөрөө зураач хүний гэрт төрсөн. Багаасаа дүрслэх урлагтай танилцсан хүн.  Манайхаар зураачдаас гадна зохиолч, хөгжмийн зохиолчид тасардаггүй, байнга л уран бүтээлийн яриа өрнөдөг байлаа.  Тэр бүхнээс би урлагт хөл тавих хүчийг олж авсан. Өнгөрсөн одоо, ирээдүйдээ ч хэзээ эргэлзэхгүй, харамсахгүй.

-Таны аав Г.Одонг их сайхан зураач байсан. Аавын алдрыг өргөж явна гэдэг амаргүй биз?

-Тийм шүү. Би ааваараа бахархдаг. Монголын дүрс­лэх урлагийн салбарын нэгэн тод гэрэл нь байсан юм даа. Нас ахих тусам аавтайгаа их л адилхан болж байна.  Кино уран бү­тээлийн завсараар аавынхаа бийр будгийг хатаагүй тулд уран бүтээлийг нь ч үргэлжлүүлж явна.

-Г.Одон гуайн бүтээлүүд одоо хаана хаана байна вэ?

-Аавын маань зургуудын ихэнх нь Уран зургийн галерейд бий.  Нөгөө аймшигт долдугаар сарын 1-ний явдлаар гурван бүтээл шатсан байдаг. Одоо хүртэл засвар хийгдээгүй байна. Сэргээн босгодог мэргэжлийн зураачид бий ч гэлээ төсөв байдаггүй гэх юм. “Төсөв байхгүй бол би өөрөө засварлая. Бүүр шатчихсан юм бол дахиад шинэчлэн зуръя” гэхээр надад харуулахгүй юм.

-Ямар ямар зураг байсан бэ?

-“Уран сайханчид”, “Хасбаатар” гээд хоёр том зураг нь шатсан. Би ядаж л яаж шатсаныг нь хармаар байна.  Энэ хүсэлтээ даргад нь  олон удаа хэлсэн. Ямар нэ­гэн хариу өгөөгүй л байна. 1959 онд “Ажлын дараа” гэдэг бүтээлээрээ аав минь Төрийн шагнал хүртэж байлаа. Тэр нь мөн Уран зургийн галерейд байгаа. Мөн  Төрийн ордон болон Их тэнгэрийн аманд миний аавын олон бүтээл бий.

-Танд аавын тань бийр янтай бий гэлээ. Уран зургийн хувьд та ямар бүтээл хийж байна вэ?

-Би уран зургийг яг уран бүтээл гэж бодож зур­даггүй. Аавынхаа бийрийг хатаагүй юм сан, мөн нэг их бодол толгойд эр­гэлдсэн үед бариад зогсоно.  Хүмүүс онгодын тухай их ярьдаг. Би бол тэгэж гэнэт зурдаг хүн биш. Уран бүтээлд бодох хугацаа гэж байдаг болов уу. Надад олон жил бодсоны дараа зурсан зураг олон бий.  Мөн сайхан хөгжим сонсоод зурах дуртай.

Т.БАТСАЙХАН

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна