Хувьчлагдсан циркийн хүйтэн төрх

2016 оны 3 сарын 4

АСА циркийн жүжигчид олон улсын циркчдийн фестивалиас алтан цом хүртсэн гэх сайхан мэдээг сонсоод  циркийг зорилоо. Тун удахгүй Улаанбаатарт ирэх Дэлхийн циркийн тоглолтын талаар ч тодруулаад асуучих  санаатай өөдрөг сэтгэл өвөрлөн очсон  би “Их санасан газарт есөн шөнө хоосон хонох”-ын үлгэр болов. Эргэн тойрон машины наймаачдаар хүрээлүүлсэн Циркийн хаяг адрессийг  алсын бараанаас бүү хэл  дэргэд нь очоод олж харахад бэрх.  Мартын найманд зориулсан “Монголын сайхан ээжүүд” тоглолтын анонсоор багцаалан баруун жигүүрийн нэгэн хаалгыг татан орвол тоглолтын билет борлуулагч хоёр бүсгүйгээс өөр бөртийх хүн тэнд алга. Буцаж нар зөв тойрон байж “Цирк” гэсэн хаягтай таарав. Хэзээ тавьсныг багцаалах аргагүй царай муутай хаягийн доорх хаалга цоожтой. Шат шал нь хагарч эмтэрч, шатан дээрх цас мөс дагтаршсаныг харвал уг хаалгаар ойрд хүн орсон шинжгүй.

Дэлхийд алдраа дуурсгаад буй уран бүтээлчидтэй нь уулзаж чадахгүй ч  дарга удирдлагуудаас нь ганц нэг зүйл тодруулахаар циркийн захиргааг эрж хайсны эцэст арайхийн  оллоо. Тэнд Улсын цирк, Аса циркийн  аль нь ч биш Үндэсний цирк ХХК гэсэн хаяг угтлаа. Дотогш орвол тус компанийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвбадам, тэргүүн дэд захирал Б.Золбоо нар эзгүй. Менежер ажилтай шавилхан бүсгүй уриалгахан хүлээн авсан ч асуулт бүхэнд маань “Би сайн мэдэхгүй байна. Мэйлээр хариу хэлье” гэсэн хариу өгсөн юм.

Циркийг зорин очиход хүргэсэн гайхалтай сайхан сэтгэгдэл хормын төдийд унтарч орхилоо. Өнгөрсөн онд нийтдээ 70 орчим тоглолт хийсэн гэх менежер бүсгүйн ярианд итгэл төрсөнгүй. Хүүхдийн баярын үеэр болон дэлхийн циркчдийн бараанаас Монголын ганц цирк амь орсныг үгүйсгэхгүй ч нэг жилд 70 удаагийн тоглолт даанч хуудуутай санагдсаныг нуух юун.

Ингэхэд Улсын цирк хэдээ хувьчлагдсан бэ гэсэн асуулт хамгийн түрүүн сэтгэлд буулаа. Одоогоос яг хоёр жилийн өмнө |2014 оны гуравдугаар сарын эхэн үед | О.Магнай ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа АСА циркийн хувьчлалын асуудлыг хөндөж, Аса консалтинг компани нь менежментийн хувьчлалын үүргээ биелүүлэхгүй байгаа тухай хөндөж байсан билээ. ТӨХ-ны 2008 оны долдугаар сарын 17-ны өдрийн 352 дугаар тогтоолоор Улсын циркийг хувьчлах тогтоол гарсан байдаг. Ингэхдээ ТӨХ, мөн тухайн үеийн Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон “Аса консалтинг” компанийн хооронд байгуулсан Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээнд   “Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу  ажиллуулах” нөхцөлтэйгээр хувьчилжээ. Гэтэл хувьчлах үед байсан эзэмшил талбай, эд хөрөнгө өнөөдөр эрс багассаны дээр ажиллагсдын тоо 50 хувиар буурч, сургуультай мал, амьтад ор сураггүй алга болжээ. Циркийн тоглолтын тоог жилд 21-ээс буулгахгүй байхааар заасан байтал дарга нарын шинэ жил, нутаг нутгийнхны  золголт, лам нарын ном айлдвар, жилийн заслаас хэтрэхгүй байгаа нь харамсмаар.

Нөгөөтэйгүүр жилдээ нэг айлчлан ирдэг дэлхийн циркчдийг зутраалгүй буцаах бэлтгэлээ базаасан уу гэдэгт санаа зовохоос аргагүй нь. Сар шинийн дараахан циркийн манежинд болсон нутгийн золголтын үеэр хүүхэд хөгшид даарч хөрснөөс ханиад шуухинаа хүрсэн гэх мэдээлэл интернэт ертөнцөд цацагдсан. Ганц цирк гэлтгүй нийслэлд үйл ажиллагаа явуулж буй үзвэр үйлчилгээний томоохон танхимуудад жавар хургасан байх нь жирийн үзэгдэл. Тиймээс ч үзвэр үзэх гэж гоёж гоодон очдог хуучин цагийн театрын соёл хэдийнэ хаягдсан. Гадуур хувцсаа тайлалгүйгээр 2-3 цаг даарч бээрэн тоглолт үзнэ гэдэг үзэгчдийн тэвчээрийн шалгуур ч гэлтэй.  

Үндэсний гэх тодотголоос цаашгүй хүнийрхэж хөндийрсөн циркийг жилдээ ганц ирдэг дэлхийн циркчид амь оруулдаг гэвэл хилсдэхгүй. Хорвоо ертөнцийн  өнцөг булан бүрт хүрч тоглодог дэлхийн хэмжээний жүжигчдийг Монголын циркийн манежид дахин ирэхээргүй үргээчих вий дээ. Улаанбаатарын үзвэрийн танхимуудаас хамгийн хүйтэн нь болох UB palace-ийн үзвэрийн танхим ердөө есөн хэмийн дулаантай хэмжигдсэн бол Циркийн манежийнх 14 хэмтэй гарчээ. Энэ тайвшрах хэмжээний үзүүлэлт биш. Хэдий хаврын урь орж байгаа ч урьд жилүүдээс хүйтэн байгааг бодолцож дэлхийн дайдаас зорин ирсэн циркчдийг зутрааж, зугтахад хүргэхгүйхэн шиг 14 хонуулаасай гэсэндээ үүнийг бичлээ.

Монголд циркийн урлаг үүсэн хөгжсөнөөс хойш 75 дахь жилтэйгээ энэ жил золгож байгаа. Энэ хугацаанд хэдий үед нь мандан бадарч, чухам хэзээнээс уруудан доройтсоныг ахмад үеийнхэн бол андахгүй. Харин залуучууд хувьчлагдсан үеийн хүйтэн төрхөөр нь циркийг төсөөлж байх уу.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна