“Миний ээж” олон ангит кино тун удахгүй

2016 оны 3 сарын 4

Шинэ гарсан кино бүхнийг Монголынхоо үзэгчидэд цаг алдалгүй хүргэхийг зорьж ажилдаг Боловсрол суваг телевиз, Солонгос улсад гараад удаагүй байгаа “Миний ээж” олон ангит киног албан ёсны эрхтэйгээр гаргахаар боллоо.

Найруулагч Ли Гүн Жоны бүтээл “Миний ээж” олон ангит кино нь 2015 оны 8-р сарын 15-аас эхлэн бямба, ням гарагуудад Солонгосын  KBS2  сувагаар гарч эхэлсэн бөгөөд 2016 оны 2-р сарын 14 хүртэл бүтэн 6 сарын турш солонгосын үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм.

Харин манай Монголын үзэгчид  энэ сарын 7-оос эхлэн өдөр бүр 19:00 цагаас Боловсрол суваг телевизээр “Миний ээж” олон ангит киног хүлээн авч үзэх боломжтой.

Солонгос улсын нэрт зохиолч Юон Кунь-А кино зохиолыг бичсэн бол “Миний ээж” киноны гол дүрийн бүсгүй болох Жин-Айгийн дүрийг 36 настай жүжигчин Эгүнь, түүний нөхөр Кан Хун Жэгийн дүрийг  37 настай жүжигчин Ли Сан Во нар тус тус бүтээж үзэгчдийн хүртээл болгожээ.

Сонирхолтой өрнүүн үйл явдлаар дүүрэн “Миний ээж” олон ангит кино нь зохиолын дагуу 50 ангитайгаар хийгдэж байсан боловч үзэгчдийн хүсэлтээр нэмж 4 анги хийсэн юм.

Үйл явдал: Жин-Ай гэр бүлийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлөдөг. Гэвч түүний ээж нь том хүүгээ л бүхнээс илүүд үзнэ. Улмаар Жин-Ай баян айлын хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болж гэр бүл болсон ч хадам ээжийнхээ хүнд хэцүү ааш занг тэвчих хэрэгтэй болно. Энэ үед тэрээр өөрийн ээж л хамгийн сайхан нь юм байна гэдгийг ойлгоно. Гэр бүлийн нандин холбоог үзэгч та бүхэн “Миний ээж” киноноос мэдрэх болно.

“Миний ээж” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин, дуучин  Эгүний жинхэнэ нэр нь Ким Ёо Жин юм. Тэрээр 1981 оны 3-р сарын 3-нд төрсөн. Эгүнь 1997 оноос эхлэн солонгосын охидын хамтлаг болох  S.E.S. хамтлагт дуулах болсноор уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүхтэй.  2002 онд  S.E.S. хамтлаг тарсны дараа Эгүнь бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд Солонгосын олон ангит кинонуудад тоглох болсон байна. Түүний хувийн амьдралын тухайд 2011 онд жүжигчин Ки Тэ Юонгтой гэр бүл болсон юм. Тэд өнгөрсөн 2015 оны 4 сард анхны хүүгээ өлгийдөн авсан бөгөөд Ро Хэ хэмээн нэрлэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна