Канадууд Монголд хариу барьсан нь

2016 оны 3 сарын 4

Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Монголын Засгийн газар бүх л арга хэмжээ авч байгаа. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлцлийг буцаан сэргээхийн тулд Ерөнхий сайд өнгөрсөн жилжингээ л энд, тэндэхийн чуулга уулзалтад оролцож, Монголоо сурталчилсан. Гэвч, үр дүн төдийлөн харагдахгүй байна. Өнгөрсөн онд Монголд нийтдээ 77 сая долларын гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ.

Гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дүрвэх болсон нь гадаад зах зээл дэх хямралаас илүү монголчуудын өөрсдийнх нь араншин, улс төрийн тогтворгүй байдал, иргэний хөдөлгөөнүүдийнх нь шантаажаас болдог гэж хэлж болно.

Ялангуяа улс төрийн нөлөөтэй гаргасан шийдвэр хөрөнгө оруулагчдыг төвөгтэй байдалд оруулж, улмаар Монголын эсрэг сурталчилгаа болдгийн нэгэн жишээ нь Канадуудын мэдэгдэл.

Дорнодын ураны ордод үйл ажиллагаа явуулж байсан “Хан ресурс”-ын тусгай зөвшөөрлийн Монголын Засгийн газар хүчээр шахуу авснаас болж арбитрын шүүх дээр ялагдал хүлээсэн.  Өөрөөр хэлбэл, олон жил үргэжилсэн энэхүү маргаан эцэслэгдэж, “Хан ресурс”-т Монголын Засгийн газар 100 сая доллар өгөхөөр болсон юм.

Хэрэг явдлыг эргэн сөхвөл хамгийн их ураны нөөцтэй гэх Дорнодын ордыг оросуудтай хамтран эзэмших зорилгоор С.Баярын Засгийн газрын үед  “Хан ресурс”-ын лицензийг нь цуцалсан нь долоон жилийн өмнөх явдал.  Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн “Хан ресурс” Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн бөгөөд энэ асуудлаас болж Монголоос уран олборлох оросуудын хүсэл талаар болсон. Тухайн үед “Арбитрын шүүх дээр ялагдал хүлээвэл бид мөнгийг нь төлнө, та нар асуудлаа яаравчил” гэж Монголын засгийн газарт оросууд шахалт дарамт үзүүлж байсан гэх албан бус мэдээ байдаг. Энэ асуудлаас болоод Оросуудын харилцаа хүйтэрсэн гэж хардах хүмүүс бий.

Ямар ч байсан “Хан ресурс”-ын эзэмшиж байсан Дорнодын ураны ордыг оросуудад өгөхөөр тохиролцоо хийсэн нь үнэн. “Мон-Атом”, “Рос-Атом” хоёрын дунд хамтран ажиллах яриа хөөрөө ч байсан.

“Монголоос уран олборлох” оросуудын сонирхлыг биелүүлэхийн тулд канадуудыг хөөн гаргаснаас болоод тэд өнөөдөр ч биднийг муугаар сурталчилж байна. 

“Монгол Улс тус компанийн лицензийг цуцалсны нөхөн олговрыг төлөхгүй бол Монголд зээл олгохоо зогсоохыг Канадын Засгийн газраас хүсч буй талаар “Хан ресурс” компанийн гүйцэтгэх захирал нь өчигдөр мэдээлсэн байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Грант Эдей "Монгол улс гэрээгээ зөрчиж байна. Тиймээс бид муу жүжигчинтэй өөр яаж харьцах билээ дээ” гэжээ.

Грант Эдей хэлэхдээ “Монголд үзүүлдэг зээл тусламжаа зогсоох асуудлаар бид шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүдтэй уулзаагүй байна” гэжээ. Түүний хэлснээр Канадын Засгийн газар Монголд жилд дор хаяж дөрвөн сая канад долларын тусламж олгодог гэнэ.

Харин энэхүү мэдэгдлийн хариуд Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайд орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ асуудлаар талууд PDAC-ийн үеэр уулзахаар болоод байгаа" гэжээ.  Өөрөөр хэлбэл,  Торонто хотод ирэх долоо хоногт болох Канадын уул уурхайн чуулга уулзалтын үеэр талууд төлөвлөж байгаа юм байна.

Ийнхүү оросуудад Дорнодын ордоо “бэлэглэх” гэсэн С.Баярын Засгийн газрын “наймаа”-наас болоод гадаад зах зээлд Монголын нэр хүнд унасаар.

Улс төрийн нөхцөл байдал нь тогтворгүй, иргэний хөдөлгөөний байгууллагууд нь “шантаажчин”, бодлого, шийдвэр нь тогтвортой бус Монгол Улс дээрэмчин, тонуулч, дээр нь хулхидагч гэсэн муу нэртэй болчихвол Монголд хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ?

Энэ асуудлаа Монголын Засгийн газар эвтэйхэн шийдэхгүй бол улс орны нэр хүндэд  муухай юм даа. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэж нэг үг байдаг шүү дээ.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна