Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

Монгол Улсын Засгийн газар их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг сайжруулах, улмаар мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих үүднээс шинжлэх ухаан, технологийн парк байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэ үеэр Монгол улсад мэдлэгийн эдийн засгийн суурийг тавьж, инновацид чиглэсэн технологи хөгжүүлэлтийн эко системийг дэмжих зорилгоор Мэдээлэл технологийн үндэсний паркийг “Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологи” болгон өөрчилж, МУИС, ШУТИС-ийн харьяанд, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно нэгдлийг “Шинжлэх ухааны парк-Биотехнологи” болгон өөчрилж ХААИС, ШУТИС-ийн харьяанд оруулахаар Засгийн газар шийдвэрлэснийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дуулгаж  их сургуулиудын захирлуудад батламж гардууллаа.  

Ийнхүү их сургуулиуд шинжлэх ухааны парктай болсноор оюутан судлаачид өндөр хурдтай интертнет бүхий оффисын байранд  өөрийн бүтээлч шинэ санаагаа туршиж үзэх, өөрийн багийг бүрдүүлэх, туршлагатай зөвлөгч багш нараас зөвлөгөө, мэдээлэл авах, улмаар өөрсдийн гарааны компанийг байгуулан Шинжлэх ухааны паркийн инкубаторт элсэн орох боломжтой болж байгаа юм.

Энэ нь их сургуулиуд дээр төвлөрөөд байгаа оюуны чадамжийг нээж илрүүлэх, дэмжин хөгжүүлэх замаар импортыг орлох улмаар эксортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэж улс эх орны маань хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь болох юм.

Шинжлэх ухааны паркийн нээлтийн үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Чимэдийн Сайханбилэг Монгол улсын ерөнхий сайдаар томилогдохдоо эдийн засаг  гэж гурван удаа хэлснийг  та бүхэн тодоор санаж байгаа байх. Яагаад гурван удаа хэлсэн бэ гэхээр эхний эдийн засаг нь эдийн засгийн өнгөрсөн бодлогын алдаануудыг засна гэж ойлгосон. Эдийн засгийн өнгөрсөн бодлогын алдаа гэдэг нь  төсвийн алдагдал юм.  Тиймээс анх удаа алдагдалгүй төсвийг их хуралд өргөн барьсан. Хоёр дахь эдийн засаг гэж хэлсэн нь өнөөдрийн эдийн засгийн бөглөөг гаргана  гэж зарласан. Тэр нь Оюутолгой, Тавантолгой байсан. Энэ ажлаа хийсэн. Гурав дахь эдийн засаг гэж хэлэхдээ монголын маргаашийн эдийн засгийг  бий болгоно гэж хэлсэн. Маргаашийн эдийн засаг бол мэдлэгийн эдийн засаг юм. Энэ мэдлэгийн эдийн засгийн суурийг тавихын тулд өнөөдрийн бодлогын шийдвэрүүд гарлаа. Тухайлбал, 3,5 тэрбум төгрөгөөр их сургуулиудын судалгааны ажлыг дэмжсэн. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд их сургуулиудад лабораториуд байгуулж  маш тодорхой  зорилготой судалгааны ажил эхлүүлсэн. Өнөөдөр  бүтээлээ эргэлтэд оруулах паркаа  нээж байна.

Манай их сургуулиуд маш зорилготойгоор бэлтгэгдсэн байгаа. Зүгээр байшин хүлээж авч байна гэж бодохгүй байна. Бүх сургууль дэргэдээ гарааны компани байгуулахаар ажиллаж байна. Бүх магистр докторууд бүтээл рүү шилжиж байгаа. Бид хөтөлбөрөө бүтцээ,зорилго чиглэлээ өөрчлөхдөө дандаа шинжлэх ухааны бүтээл гаргах зорилго руу тэмүүлж байгаа” гэдгийг онцоллоо. Мөн БСШУЯ-аас “Бүтээлч оюутан” төсөл хэрэгжүүлж бүтээл гаргах сонирхолтой, бүтээл гаргах төслөө бэлдсэн оюутны багт 3 сая төгрөгийн,  тус паркад технологио бойжуулж буй магиструудад 5 сая, докторуудад 10 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг олгохоор болсныг салбарын сайд дуулгалаа.

Шинжлэх ухааны паркийн орчинд:

  • Старт-ап компанийн хөгжилд шаардлагатай бүх төрлийн сургалт, зөвлөгөө авах,

  • Монгол улсын эрдэмтэн, судлаачдын мэдээлэл, эрдэм шинжилгээний ажлын тайлан, диссертацийг агуулсан оюуны сангаас авч ашиглах,

  • Хөрөнгө оруулагч, бизнесийн хамтрагчаа олоход нь зуучлах,

  • Паркийн сүлжээнд байгаа нээлттэй лабораториудыг ашиглах,

  • Өөрийн бий болгосон оюуны өмч, технологи, бүтээгдэхүүнээ хамгаалах, ашиглахтай холбоотой хууль эрхзүйн зөвлөгөө болон үйлчилгээг иж бүрнээр авах боломжууд нээгдэнэ.

Мөн Шинжлэх ухааны парк нь тухайн сургуулийн багш, судлаач, оюутнууд хамтран ажиллахаас гадна бизнес эрхлэгч, үйлдэрлэгчидтэй нягт холбоотой ажиллах, туршилтын бүтээгдэхүүн, технологио үйлдвэрлэлд шууд туршиж үзэх, нэвтрүүлэх боломжийг олгож, цаашид үйлдвэрлэгчдээс бодит захиалга авах, тэдэнтэй хамтран бүтээгдэхүүн, технологийн хөгжүүлэлт хийх орчныг бүрдүүлж өгөх зорилготой юм.

Монголын оюутан залуучууд, эрдэмтэн судлаачид, Шинжлэх ухааны паркид хамтран ажилласнаар “Дэлхийд өрсөлдөх монгол хүч”-ийг нэгтгэх бодит боломж ийнхүү нээгдэж байна.

Хүсэл тэмүүлэлтэй, оюунлаг залуус та бүхэнд дараах боломж нээгдэж байна.

  1. Та Старт-Ап-аа  байгуулж, бүтээлч шинэ санаагаа хөгжүүлэх

Хүсэл мөрөөдлөө биелүүл

Цаг, зардалаа хэмнэнэ

Таны шинэ санаа Хөгжлийн эхлэл

  1. Шинжлэх ухааны парк нь  таныг амжилтанд хүрэх тааламжтай бүх боломжийг нээж өгнө

Та хамтдаа судлана, шинжилнэ

Та технологи хөгжүүлнэ, дамжуулна

Та оюуны арвин санг ашиглана

Танд хууль эрх зүй, менежментийн иж бүрэн дэмжлэг, зөвлөгөө өгнө

Танд лаборатори, туршилт, үйлдвэрлэл нээлттэй болно

Таны санааг бизнес төсөл болгоно, хөрөнгө оруулагчтай холбоно

Таны санааг оюуны өмчийн эрх зүйн орчноор хамгаалж, оуюны өмчөө ашиглах боломж нээж өгнө

Та виртуал паркаар дэлхийтэй харилцана.

Турших, алдах, бүтээх, хөгжих эрхтэй Монгол хүн  танд

Дэлхийд өрсөлдөх боломж нээгдлээ.

Р.РЭГЗЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж