Хот сэтгүүлчдэд ажлаа тайлагналаа

2016 оны 3 сарын 4

Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч, хөгжсөний 103 жилийн ой ирэх ням гаригт тохионо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг. Энэ жил мэдээллийн ил тод байдал, нээлттэй засаглалын талаар орон нутгийн төр захиргааны байгууллага ямар ажил хийж буй  талаар нийслэл Улаанбаатар хотын жишээн дээр ярилцаж, “Ил тод, нээлттэй Улаанбаатар” мянган сэтгүүлчийн форумыг зохион байгууллаа. Форумын үеэр нийслэлийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнаж, тэдний сонирхсон асуултад хариулсан юм. Э.Бат-Үүл даргатай хотын багийнхан нийслэлийн бүтээн байгуулалтыг 2030 хүртэл төлөвлөж, үр дүн нь тодорхой хугацааны дараа гарах хөгжлийн эхлэлийг тавьсан гэдгээ онцолж ярьлаа. Тухайлбал нийслэлийн засаглал авлигаас ангид байх, иргэдэд ээлтэй, нээлттэй байх хувилбарыг сонгож, аливаа гаргасан шийдвэр, захирамж, тушаал 72 цагийн дотор хэвлэл мэдээллээр дамжин иргэнд хүрсэн байх зарчимыг баримтлан ажиллаж байна. Мөн гэр хорооллын 24 байршилд дахин төлөвлөлт явуулж, халаалт, халуун усгүй иргэдээ орон сууцтай болгох хугацаа шаардсан бүтээн байгуулалтыг эхлүүлсэн гэдгээ хотын удирдлагууд илүү тодотгон тайлбарлалаа.

Ийнхүү сэтгүүлчдэд төрийн байгууллага нээлттэй байж, ил тодоор хийсэн, хийх гэж байгаа, хийгээгүй орхисон зэрэг үйлдэл, шийдвэр бүхнээ тайлагнадаг болбол тухайн байгууллага  иргэдэд хүнд сурталгүй, нээлттэй хандахын эхлэл болно ч гэж тайлбарлах сэтгүүлчид байлаа. Өөрөөр хэлбэл сэтгүүлч, сурвалжлагч нарт хаалгаа нээгээгүй, асуусан асуултад нь хариулт өгөөгүй байгууллага иргэнд бүр ч хаалттай байна гэж ойлгож болох юм. Нөгөө талдаа ингэж 1000 сэтгүүлч суулгаад ажлаа ярих нь тийм ч үр дүнтэй шийдэл биш ээ ч гэж шүүмжлэх сэтгүүлч байна. Тэрбээр нэг өдөр урт хугацаанд хийсэн ажлаа ярих биш, өдөр бүр сэтгүүлчдийн тавьсан, сонирхсон асуултад хариулт, мэдээлэл өгч байгаасай гэсэн саналыг төрийн байгууллагынханд хэлсэн юм. Харин Б.Түвшинтөгс сэтгүүлчийн тухайд төрийнхөн хуулийн хүрээнд олон нийтэд хийсэн ажил, гаргасан шийдвэр бүрээ мэдээлэх үүрэгтэйг санууллаа.

Хөдөлгөөнд оролцож буй автомашины дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх үү болих уу, нийслэлийн төсөв ямар байвал зохистой вэ, бидний хийхээр төлөвлөсөн ажлыг та юу гэж үзэж байна хэмээн иргэдээсээ саналыг нь асууж, олонхи нь дэмжсэн асуудлыг л шийддэг болсон. Тэгэхдээ энэ нь нэг удаагийн арга хэмжээ биш тогтсон соёл болж байгаа нь нээлттэй засаглалын үр дүн гэж тодорхойлох нэгэн ч байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна