БНЭУ-ын Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзав

2016 оны 3 сарын 4

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр /2016.03.04/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Их Хурал Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо ирэх 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Одоогийн байдлаар 20 орны 90 гаруй төлөөлөгч энэхүү уулзалтад оролцохоор бүртгүүлээд байна гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уулзалтын эхэнд танилцуулсан юм.

Элчин сайд Сомнат Гош УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд хоёр орон болоод парламент хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, олон талын харилцааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа илэрхийллээ. Тэрээр, Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж буй Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад БНЭУ-аас төлөөлөгч оролцуулахаар ажиллаж буйгаа дуулгасан юм.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын албан ёсны урилгыг түнш орнуудын парламентын дээд, доод танхимын дарга нарт Монгол Улсын Их Хурлын дарга илгээсэн гээд энэхүү уулзалтад БНЭУ-ын парламентын аль нэг танхимын даргыг оролцуулахаар ноён Элчин сайд ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох аж. Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 21-23-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн  9 дүгээр уулзалт, тавдугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, зургадугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болно. Харин долдугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус болох юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна