Ипотекийн таван хувийн зээлийг хэн авах вэ?

2016 оны 3 сарын 5

Засгийн газар ээлжит бусаар хуралдан ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэр гаргалаа. Гэхдээ энэ шийдвэр нь ипотекийн найман хувийн хүүтэй зээл авсан иргэдэд хамаарахгүй болж буй юм. Учир нь Засгийн газрын баталсан Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулах, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ. Ийм шийдвэрийг эхний ээлжинд гаргасан нь эдийн засгийн чадавхитай холбогдож буй бололтой. Учир нь эдийн засагчид болоод банкны холбооны зүгээс “Одоогийн нөхцөлд ипотекийн найман хувийн зээлийг таван хувь руу бууруулах боломжгүй” гэсэн анхааруулгыг өгөөд буй. Тиймээс эдийн засгаа агшаахгүйн тулд Засгийн газар эхний ээлжинд авах ёстой арга хэмжээгээ авсан нь энэ бололтой.

Барилгын салбарынхны зүгээс барьсан орон сууцаа борлуулах нь чухал байгааг онцолж буй. Эдийн засгийн хямралын уршгаар ипотекийн зээл авах иргэдийн тоо эрс буурсан бөгөөд урьдчилгаа төлбөрийн 30 хувийг хөнгөлөх хүсэлтийг ч олонтаа тавьж буй. Гэхдээ холбогдох албаны хүмүүс урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг бууруулсан нөхцөлд эргээд зээлдэгчдээ хүндрэл учруулж мөн санхүүгийн салбарт үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх учраас 10 хувь руу оруулах боломжгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн юм.

Иймээс байгаа боломж бололцоо энэ бүхнээ тооцон Засгийн газар эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан газраа байраар сольсон иргэддээ жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжийг олгоод байна. Мөн гэр хороололд баригдсан орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн хувьд ч ийм зээлд хамрагдах боломжтой. Гол нь өнөөдөр зах зээлд энэ шаардлагыг хангасан орон сууц хэчнээн байгаа вэ гэдэг ч мөн анхаарал татах асуудал юм.

Харин жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл авсан иргэдийн хувьд таван хувь руу шилжих боломжийг хүлээх л болж байна. Энэхүү зээлд хамрагдсан иргэдийн тоо 77 мянга орчимд хүрсэн. Хэрвээ 2013 оны зургадугаар сараас эхлэн ипотекийн найман хувийн зээлийг хэрэгжүүлээгүй бол ихэнх нь түрээсийн байранд амьдрах байв. Нөгөө талдаа гэр хорооллын яндангийн тоог бууруулах ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэсэн үг.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна