638 иргэнийг осгож хөлдөхөөс аварчээ

2016 оны 3 сарын 5

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 80 гаруй иргэн сураггүй болсон тухай мэдээллийг бид өчигдөр хүргэж байсан. Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас авсан өнөөдрийн мэдээллээр өнгөрсөн хоногуудад болсон байгалийн гамшгийг хохирол багатай даван туулжээ.

Тухайлбал, өнгөрсөн хоногт Онцгой байдлын албаны 150 гаруй албан хаагч, 72 техниктэйгээр үүрэг гүйцэтгэж, төөрсөн, цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан, автомашин эвдэрсэн, хээр шатахуун дуусч саатсан зэрэг дуудлагаар ажиллаж нийт  638 иргэнийг осгож хөдлөх аюулаас сэргийлж аюулгүй байдлыг ханган 152 автомашиныг цаснаас татан гаргажээ.

Онцгой байдлын ерөнхий газраас байгалийн гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцож, Зам тээврийн яамны сайдын шийдвэрээр бүх чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан ажилласан нь иргэдийн амь насыг авран хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ болсон гэж үзэж байна.

Их цас, цасан шуурганы үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, сураггүй болсон иргэдийг эрэн хайх, аврах, цасанд суусан, цасанд боогдсон, цасанд саатсан автомашин, техник хэрэгслийг татан гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажилласнаар олон хүний амь насыг авран хамгаалж чадсан байна.

Гэхдээ Баян-Өлгий аймгийн Буянт суманд иргэн Д (46 настай эмэгтэй), Говь-Алтай аймгийн Цогт суманд иргэн Ж (41 настай эмэгтэй) нар осгож нас баржээ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Монгол орны ихэнх нутгийг хамарсан их цас, хүчтэй шуурганы улмаас Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлд болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан.

Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газрын саналыг үндэслэн Зам тээврийн сайдын тушаалаар өнөөдөр өглөөний 09.00 цагаас улсын болон орон нутгийн бүх чиглэлийн зам, давааг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Улсын болоод орон нутгийн чанартай зам давааг нээж онгойлох ажилд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын албан хаагчид болон орон нутгийн зам арчлалтын компаниуд болон нутгийн захиргааны байгууллагууд  иргэдтэй хамтран ажиллаж байгаа аж.

 Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна