Ж.К.Роулингийн сандлыг 45,000 ам.доллараас дуудна

2016 оны 3 сарын 5

“Харри Поттер” киноны зохиолч Ж.К.Роулингийн сандлыг Нью Йоркт ирэх сард дуудлага худалдаанд оруулах гэж байна. Английн зохиолч Ж.К.Роулинг шидтэнүүдийн ертөнцийн тухай алдарт зохиолоо энэ сандал дээр сууж бичсэн гэнэ.

Зохиолч Ж.К.Роулинг сандлаа 2002 онд Хүүхэдтэй зүй бус харьцахаас хамгаалах үндэсний нийгэмлэгт хандив цуглуулах дуудлага худалдаанд хандивласан юм байна. Сандлыг 45,000 ам.доллараас эхлэн дуудах ажээ.

Жирийн л модон сандал боловч зохиолч дуудлага худалдаанд хандивлахаасаа өмнө засч янзлан, өнгө зүс оруулсан гэнэ.

“Би тийм ч гоё биш боловч гадна үзэмжээр шүүмжлэх гэж бүү яараарай” хэмээн зохиолч сандлын хажууд талд бичсэн байдаг аж.

Сандлыг худалдан авагчид хандаж бичсэн захидалдаа зохиолч “Зочдын өрөөнд зохицохгүй байсан учраас энэ сандлыг би бичгийн ширээнийхээ өмнө тавьдаг байв. Энэ сандлын ард Харри Поттер: Философийн чулуу, Нууцат өрөө” зэрэг зохиолууд төрсөн юм шүү” хэмээн бичжээ.

Дуудлага худалдаа гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 6 хүртэл үргэлжлэх юм байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна