Хятадад ижил хүйстнүүдийг зурагтаар гаргахыг хориглов

2016 оны 3 сарын 5

Хятадын Засгийн газар ижил хүйстнүүдийн тухай ямар ч контент нь ёс бус, эрүүл биш гэж үзэж, телевизээр гаргахыг хориглосон байна.

Контентийн тухай хуулийн шинэ нэмэлт өөрчлөлтөд “нийгмийн хар бараан талыг дэлгэн харуулсан, ижил хүйсийн бэлгийн харьцаа, гэр бүлээс гадуурх харьцаа, биеэ үнэлэлт, нэг шөнийн явдал, насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаа үүсгэх зэргийг телевизээр цацах нь хууль бус” гэж үзжээ. Гей залуу хосын тухай “Дон шүглэсэн нь” шоу драм  Хятадын цахим ертөнцөд тарж, олон сая хүн үзэгчийн дунд шуугиан тарьснаас болж өнгөрсөн долоо хоногт уг киног гаргахыг хориглосон юм.

Хятадад телевизийн жүжиг, шоу, драмд ёс бус бэлгийн харьцаа, үйлдэл, бэлгийн доромжлол, гутаалт, хүчирхийлэл зэргийг харуулахыг хуулиар хориглодог.

Дээрх хоригт мөн тамхидалт, архидалт, гэр бүлээс гадуур харьцаа, хэтэрхий задгай хувцаслалт мөн хойд төрлийг зарлах зэрэг хамаатай гэнэ.

Хятадын Сонин, хэвлэл, радио, телевизийн газраас телевизийн продюсерүүдэд шинэ хоригийг хатуу мөрдөхийг анхааруулж, биелүүлэгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоохыг сануулсан байна.

Хятадад 2012 онд Си Жинпинь төрийн тэргүүн болсны дараа соёл урлаг дах хяналт, шалгалтыг чангатгаж эхэлсэн билээ. 2014 онд “Хятадын хатан хаан” телевизийн шоуг жүжигчид нь хэтэрхий задгай хувцасласан гэдэг шалтгаанаар зогсоож байсан юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна