“Наран туул”-д юу болсон бэ?

2016 оны 3 сарын 5

“Наран туул” худалдааны төвд гуравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө буюу 03.00 цагийн орчимд гал гарч, бөс барааны тасгийнхан хохирол хүлээн, хүндхэн байдалд ороод буй.

Гал гарсан шалтгааны дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргаагүй байгаа ч янз бүрийн таамаглал буй. Түрээслэгчдийн хувьд “Ш.Сайхансамбууг чадахын тулд энгийн биднийг хоморгонд нь хорлож байна” гэж мэдэгдэж буй бол Нийслэлийн Онцгой байдлын газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус худалдааны төвд шалгалт хийхэд галын аюулгүй байдал хангагдаагүй байсан учраас торгууль тавьж, зөрчлийг арилгахыг үүрэг болгосон гэдэг тайлбар хийж буй.  Мөн дээрх шаардлагатай холбоотойгоор түрээслэгчдийг газраас нь шахан зайлуулж, талбайд нь байр барин түрээсийн үнээ нэмэхийн тулд зориудаар гал тавьсан байхыг ч үгүйсгэх аргагүй” гэдэг гурав дахь таамаг дэвшсэн. Тэгвэл дөрөв дэх таамаг нь шөнө дунд тус бөс барааны хэсэгт ямар нэгэн юм хүчтэй дэлбэрсэн гэх мэдээлэл бий аж.

“Наран туул” худалдааны төвийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу энэ тухай “Намайг чадах гээд байгаа бол надтай шууд үз. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод бай. Тэдний ард үр хүүхэд гэр бүл нь бий” хэмээн жиргэсэн. Мөн “Нарантуул бол миний зах биш. Нарантуул бол олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Би хэн шатаагаад байгааг мэдэж байгаа” гэсэн тайлбарыг твиттер хуудсаараа дамжуулан дайсан юм.  Энэ удаад гарсан гал нь гурав дахь тохиолдлынх аж. Гарсан гал бүр нь шөнө дунд гарчээ. Энэ удаагийн гал нь цахилгааны сүлжээ байхгүй газар гарсан нь олон хүнд зориудын ажиллагаа биш байгаа гэсэн хардлага төрүүлж буй.

Нийслэлийн Онцгой байдлаас өгсөн мэдээллээр бөс барааны тасаг нь нийт 5700 метр квадрат талбайг хамардаг,  үүний 60 орчим хувь буюу 2500 гаруй метр квадрат талбай түймэрт өртсөн гэх урьдчилсан мэдээг гаргаад байгаа. Хохирлын хэмжээ албан ёсоор тогтоогдоогүй ч 10-40 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх торго бөс бараа  шатсан гэх тооцооллыг хохирогчид нь урьдчилсан байдлаар тооцож гаргасан.

Харин “Наран туул” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуу энэхүү хохирлыг хариуцахгүй болохоо мөн мэдэгдсэн юм.

Ер нь томоохон худалдааны төвүүдэд гал гарах тохиолдол цөөнгүй удаа давтагдсан. Энэ нь галын аюулгүй байдал хангаагүйтэй холбогддог. Тэгвэл “Наран туул” худалдааны төвд гарсан гал нь цахилгаан утасгүй газар гарсан нь мэргэжлийн байгууллагынхны дүгнэлтийг эцэслэн гарахыг хүлээхээс аргагүй болж буй юм.

“Нарантуул” худалдааны төв өнөөдрөөс ажиллаж эхэлсэн байна. Галд өртсөн бөс барааны хэсгээс бусад худалдааны тасгууд нь ажиллаж эхэлжээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна