Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт ажиллаж байна

2016 оны 3 сарын 5

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ сарын 3, 4-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллалаа. Баян-Овоо сумын иргэдтэй уулзалт хийх үед иргэд АН-аас хэрэгжүүлж буй Ажилтай, орлоготой Монгол хүн урт хугацааны хөтөлбөрт талархалтай хандаж буйгаа хэлж байсан юм. Учир нь сумын төвд залуус бэлэн мөнгө тараахаас илүүтэй хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь чухал байдаг гэдгийг иргэд хэлж байлаа.

Мөн иргэдээс зээлийн батлан даалтын журам орон нутагт хэрэгжиж байгаа эсэх талаар тодруулсан. Б.Гарамгайбаатар гишүүний хийсэн тайлбараар одоогоор зээлийн батлан даалтын санг бүрдүүлэх боломж улсын төсвөөс хамааралтайгаар тааруухан байгаа гэсэн юм.

Үүнээс гадна иргэд 1072 ширхэг хувьцааг одоо ашиглах боломж байгаа эсэх талаар тодруулж байлаа. Тавантолгойг эргэлтэд орж эхэлсэн үед 1072 хувьцааг ашиглах нь одоо нэг сая төгрөг авснаас илүү үр ашигтай байх болно гэдгийг Б.Гарамгайбаатар гишүүн хэлсэн. Түүнчлэн иргэн бүр өөрийнх нь нэр дээр одоо хувьцаа байгаа эсэхийг онлайнаар шалгаж болно гээд сумын төрийн албан хаагчид бусад иргэдийн нэр дээр хувьцаа нь байгаа эсэхийг шалгаж өгөхийг хүссэн юм. Мөн иргэдээс төрийн албан хаагчид сонгуулийн үеэр ажиллаж болохгүй юу гэсэн санал ч гарч байсан. Харин Б.Гарамгайбаатар гишүүн төрийн ажилтнууд Төрийн албан хаагчийн хуулийн дагуу л ажиллах ёстой гэдгийг хэллээ.

Норовлин сумынхан ажлын байр бий болгохыг хүсэв

Норовлин сум нийт 533 га газартай, дөрвөн багт хуваагдсан, нийт 2356 хүн амтай. Үүнээс 334 өрх нь малчин өрх бөгөөд сумын хэмжээнд 113 мянга гаруй толгой мал хаваржиж байгаа ажээ.

Мөн сумын хэмжээнд 13 аж ахуйн нэгж, таван төсвийн байгууллагатай. Сумын Ерөнхий боловсролын сургуульд 288 сурагч суралцдаг, харин дотуур байранд 40 гаруй хүүхэд амьдарч байна.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар иргэдтэй уулзахаас өмнө сумын төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэр сумын эмнэлгээс орны тоо буурсан, харин ерөнхий боловсролын сургуулиас төсвийн хувьд өртэй явж байгаа гэх мэт төсөв мөнгөтэй холбоотой гомдлуудыг хэлж байв. Харин Б.Гарамгайбаатар гишүүн "Өнгөрсөн жилүүдэд хөөсөрсөн төсөвтэй байх үед автоматаар иргэдийн цалин, төсвийг нэмж байсан. Одоо бол улсын төсөв хүндрэлтэй байгаа. Тиймээс аймаг сумын төрийн байгууллагууд хуваарилагдсан төсвийн хүрээнд өөрсдөө уян хатан ажиллах хэрэгтэй. Үүнээс гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар боломжууд байгаа талаар санаачилга гаргаж ажиллах ньзүйтэй" гэлээ.

Уулзалтын үеэр эмийн санг эмнэлгийн харьяанд байлгах эсвэл хувь иргэнд шилжүүлэх асуудал шийдэгдээгүй байгаа гэдгийг эмнэлгийн дарга хэлсэн. Б.Гарамгайбаатар гишүүн уулзалтын үед Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаатай утсаар ярьж сумын удирдлагуудад хариулт өгсөн. Тодруулбал, сумын эмийн санг эмнэлгийн хажууд авах эсвэл иргэнд хувьчлах эсэх шийдвэрийг аймгийн иргэдийн хурлаас гаргах юм байна. Өөрөөр хэлбэл тухайн аймаг сумдынхаа иргэдийн тоо, эдийн засгийн нөхцөл боломж зэргийг тооцож байж шийдвэрээ гаргах ажээ.

Харин иргэдийн уулзалтын үеэр иргэдээс гарсан асуултад Б.Гарамгайбаатар гишүүн болон аймгийн удирдлагууд хариулт өгч, зарим асуудлыг нь шийдэж байв. Мөн зарим иргэд бичгээр санал хүсэлтээ илэрхийлж байсан юм. Бичгээр илэрхийлсэн хүсэлийг хүлээж аваад холбогдох хариултыг нь явуулна гэлээ.

Мөн иргэдээс Архигүй Хэнтийчүүд хөтөлбөрт хамрагдаж архинаас гарсан олон залуучууд байгаа хэдий ч тэдэнд ажлын байх хүрэлцээгүй байна. Тиймээс эдгээр залуусыг БНСУ-д ажиллуулж байх санал гарч байлаа. Харин Б.Гарамгайбаатар гишүүн сум орон нутагт ажилгүйдэл байгаа гэдгийг мэдэж байгаа. Ажилгүйдлийг арилгахад хувь хүний хичээл чармайлт ихээхэн чухал нөлөөтэй. Түүнээс гадна сум орон нутгийн удирдлагууд ажилгүй, мэргэжилгүй иргэдийг төрөл бүрийн сургалтад хамруулж мэргэжил эзэмшүүлэх гэх мэтээр ажилтай болгох боломжууд бий гэдгийг санууллаа. Нөгөө талаас гадаад руу гарч ажиллая гэдэг сэтгэлгээгээ одоо халах цаг болсон гэдгийг ч хэлж байсан юм. Учир нь төрийн албан хаагч 600 мянган төгрөгийн цалинтай байна гээд чамлахын оронд улсынхаа төсвийн нөхцөл байдалтай тохируулж ажлын байр бий болгох, эх орноо хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой гэлээ.  

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна