Л.Гансүх нарын шүүх хурал товлогджээ

2016 оны 3 сарын 5

Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт шүүхээс 4.6 жилийн хорих ял оноогоод байсан. Анхан болон Давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх ялыг яллагдагч талын зүгээс эсэргүүцэн Улсын Дээд Шүүхэд хандсан юм. Уг хурал энэ сарын 10-нд товлогдсон байна. Уг нь энэхүү хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд болох байсан ч 14 хоногоор хойшилсоор ийн дахин товлогджээ.

Нэхэн сануулахад, өнгөрсөн оны намар болсон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх дээрх хэргийг хэлэлцээд ахлах зөвлөх асан Л.Гансүхэд дөрвөн жил зургаан сар хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг дөрвөн жилээр хассан бол Н. Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан юм. Харин Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянгөн төгрөгөөр торгох ял оногдуулсан билээ. Мөн Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс нийт 2.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг гаргасан байдаг.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна