"Гүн гэрийн гүнж"-д юуг өгүүлэх вэ?

2016 оны 3 сарын 6

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17.00 цагаас Ц.Нацагдоржийн "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" шинэ дуурийг тоглоно.

Бүсгүй хүний ариун нинжин сэтгэл, эх хүний хайр халамж, хатан хүний бат бэх ухаан бүгдийг энэ дууриас мэдрэх боломжтой...


Хүннү гүрний 2225 жилийн ой, төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны 65 насны ойн хүрээнд “Гүн гэрийн гүнж” үндэсний шинэ дуурь нээлтээ хийлээ.

Энэхүү 3 бүлэг 5 үзэгдэл бүхий дуурийн үйл явдал нь манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад онд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс үндэслэсэн бөгөөд доктор Л.Эрдэнэчимэгийн “Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүнгэрийн авхай” судалгааны ажлаас сэдэвлэн бүтээжээ.

Дуурийн найруулагчаар Б.Сүхээ /Ph.D/(СТА), ерөнхий зураачаар Г.Ганбаатар (СТА), удирдаачаар Ж.Бүрэнбэх (УГЗ), хувцасны зураачаар Г.Оюун (СТА), ерөнхий хормейстерээр Н.Дашбямба (СТА), бүжиг дэглээчээр Н.Чинзориг нар ажиллаж байгаа бөгөөд дуурийн нээлтийн эхний өдрийн гол дүрүүдэд Э.Бумхүү (СТА), Ш.Наранчимэг (СТА), Ж.Бямбажав (СТА), Д.Эрдэнэ-Очир нар тоглосон. Өнөөдөр Ч.Энхтайван (СТА), Б.Энхнаран, О.Хүрэлбаатар (СТА), Б.Батжаргал нар гол дүрийг бүтээнэ. 

Уг бүтээлийг “Сонгодог урлаг-2” хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр бүтээж байгаа тул үндэсний сонгодог урлагийн бүтээлээ дэмжсэн БСШУЯ, СБЗГазарт хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.


Цогзолын НАЦАГДОРЖ

Монголын нэрт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж нь 1966-1970 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид, 1970-1972 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид хөгжмийн онол, зохирлын ухааны багш, 1972-1978 онд Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид (багш нь Н.Пузей) тус тус суралцан төгссөн.

Тэрээр 1978-1982 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн онол, хөгжмийн түүх, зохирлын ухааны багш, 1982-1984 онд БНМАУ-ын Соёлын Яаманд уран бүтээлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1984-1987 онд Дуурь бүжгийн улсын академик театрын дарга, 1987 оноос Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны хөгжмийн уран бүтээлийн зөвлөлийн эрхлэгч, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1984-1990 онд нарийн бичгийн дарга зэрэг ажил, албыг гүйцэтгэж байсан.

1985 онд 2-р симфони, “Хөдөөгийн сайхан” симфони чуулбараар Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал, 1993 онд “Үүлэн заяа” дуурь, 4-р симфони, “Хөдөөгийн сайхан” симфони чуулбараараа Төрийн соёрхол тус тус хүртжээ. Тэрээр “Үүлэн заяа” (1988), “Өгөөдэй хаан” (1991), “Гэсэр хаан” (1995), “Гүн гэрийн гүнж” (2004) дуурь, 1-5-р симфони (1978, 1979, 1988, 1990, 2002) зэрэг Монголын хөгжмийн урлагт томоохон байр суурьтай жинтэй бүтээлүүд туурвисан билээ.

Холбоо барих: 70110389, 99196609, 70110397, 99160475, 99928138, 88044508


Цогзолын Нацагдорж /Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч/

Дамбын Төрбат /Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч/

Төрбатын Зөнбилэг /МЗЭ-ийн шагналт яруу найрагч/

 

Гүн Гэрийн гүнж

/Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь/

 

               НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл:

 

Өвгөн гүн Цай Юнгийн гэр.           

Хан гүрний жанжин Цао-Цао ялалтын их баяраа тэмдэглэн өөрийн анд, бичгийн хүн Гүн хэргэмт Цай Юн хэмээх эрдэмт нөхөртэй дарс хүртэн цэнгэж байна. Тэрээр Хүн гүрнийг хурааж ирсэн их баярын билэг тэмдэг болгож Хүннү цуур хэмээх эгшиглэнт хуурыг Цай Юны охин Цай Ван Жи гүнжид өгч аялгуу үүсгэхийг хүсчээ. Энэ хөгжим гайхалтай уран бөгөөд тэнгэрлэг аялгуу үүсгэн буйд гүн ноён Цай Юн, ялж ирсэн жанжин Цао Цао нар ихэд баясаж өөр өөрийн хундага юуг тогтооно. Энэ үед Хан гүрний цэргээс амьд хэл авчрах даалгавраа биелүүлж чадалгүй их цэргээсээ хоцорсон Цэнбахт, Хайчиндов хоёр Цай Юнгийн гэрийн гадаа энэ явдлыг ажиглан байна. Тэд согтуу жанжинг биш үзэсгэлэнт гүнжийг хулгайлан одно. Мөн Хан гүрэнд төмөр ихийг гайхан шагшрах тул нэгэн хүрэл дэнг мөн хулгайлжээ.  

 

Хоёрдугаар үзэгдэл:

Жи Жи Шаньюйгийн их хүрээ.

Цэнбахт, Хайчиндов нар ирж Жи Жи Шаньюйд дор мөргөн амь өршөөхийг гуйна. Жи Жи шаньюй ихэд хилэгнэж хоёр урвагчийг цаазаар авахыг зарлиг болготол Хан гүрний Гүн гэрийн гүнж Цай Вэн Жи тэдний амийг аварна. Шаньюй хоёр дайчны амийг өршөөж Цай Вэн Жи гүнжийг шудрага үнэнч хандсаных нь төлөө Хүн гүрний хатан болохыг хүсэхэд гүнж түүнээс Хан гүрэнтэй эвтэй байхыг, номын гэмгүй аавыг нь тайван байлгахыг гуйхад Шаньюй хүлээн зөвшөөрнө. 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Гуравдугаар үзэгдэл:

Цай Вэн Жи хатны өргөө.   

Цаг хугацаа нэлээн өнгөрчээ. Цай Вэн Жи хатны зурсан зургуудыг түүний шивэгчин Минжин үзээд эцэг эх, төрсөн нутгаа санан уйтгарлаж буйг мэдрэн өрөвдөнө. Энэ үед Хан гүрний туршуул Дун Ши, Чун Ши хоёр ирж нэгэн зургийг хулгайлан одно. Жи Жи Шаньюй болон анчин эрс ангаас ирж хатандаа авласан чонын арьсуудыг өргөн барихад хатан тэдэнд хүннү цуур бэлэглэнэ. Цай Вэн Жи өөрийн эх нутаг хайрт эцгээ санан уйтгарлаж бийр янтай дэлгэн яруу шүлэг дуудна. Минжин орж ирж харь дайсан халдсаныг түүнд дуулгана.  Хатан “Хан улс халдан дайрлаа гэжүү” хэмээн эргэлзэнэ.

 

Дөрөвдүгээр үзэгдэл:

Өвгөн гүн Цай Юнгийн гэр.

Охиноо санасан өвгөн найрагч ихэд гутран гуниглаж Цай Вэн Жиг дурсан дуулж байхад эртний анд цэргийн нэрт жанжин Цао Цао орж ирэх бөгөөд гүнжийг эрж түмэн цэрэг тал тал тийш мордуулсан тухай хэлнэ. Гэвч өвгөн гүн үл тайтгарна. Яг энэ үед Цао Цао жанжны илгээсэн элч нарын түрүүч болох Дун Ши, Чун Ши нар ирж,  “Цай Вэн Жи гүнж Хүн гүрний хатан болсон төдийгүй хоёр агь төрүүлсэн” гэж хэлэн хатны эх нутаг, эцэг түмнээ санагалзан зурсан зургийг үзүүлнэ. Цай Юн өвгөн Хүн гүрнээс охиноо хэрхэн авах арга эс олж муужран унана.

 ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тавдугаар үзэгдэл:

Хүннү хүрээ.  

Хүннү улс Давань гүрэнтэй дайтаж зэр зэвсэг дутмагаас хүнд байдалд оржээ. Жи Жи Шаньюй шархдан өргөөндөө ирэхэд  Цэнбахт, Хайчиндов зэрэг дайчин эрсүүд дайны талбараас ирж төмөр муутай зэвсгээр байлдах нь даанч арчаагүй байгааг хэлж ган илд, балт төмөр нэхнэ. Цай Вэн Жи “Хатан миний гарын тэмдэг болог” хэмээн хүрэл цөгцийг өгч Хан улс руу төмөр олж ирүүлэхээр элч мордуулна. Үүний хариуд Хан гүрний итгэлт элч Дун ши, Чун ши нар ирж Цай Вэн жи хатныг хоёр хүүтэй нь өвгөн эцэгт нь буцааж өгвөл авчирсан зэр зэвсгээ өгнө гэсэн болзол тавина. Энэ болзлыг сонссон Жи Жи Шаньюй сумны зэв, сэлэмний ир болох болд бүрт лан, лангаар алт, мөнгө амласан ч элч хэлсэн үгнээсээ буцсангүй. “Хүннү төрийн төлөө би өөрийгөө зориулахад бэлэн” хэмээн Цай Вэн Жи хатан зориглоход Жи Жи Шаньюй “бага хүү чи төрөө сахиж нутагтаа үлд, том хүү чи хатан ээжээ түшиж яв” хэмээн зарлигдаад Цай Вэн Жиг үднэ. Зэр зэвсэгтэй болсон Хүннүчүүд дайснаа даран дийлж төрт улсаа хамгаалж чадсаныг Гүн Гэрийн гүнж, ухаант хатан Цай Ван Жигийн гавьяа хэмээн магтан сүү өргөнө.

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

 

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан тоглож буй түүхэн домогт Ц.Нацагдорж "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" дуурийн хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө.Тоглолтын найруулагч болон гол дүрийн дуучдын ярилцлагаас...

Posted by Mongolian State Academic Theatre of Opera and Ballet on Thursday, March 3, 2016

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна