"Монти" 100 хувийн амжилтыг үзүүлсэн

2016 оны 3 сарын 6

Монголын волейболын холбоо, “Хасу мегастар” клуб хамтран клубүүдын аварга шалгаруулах "ХАСУ КАП-2016" тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээн Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Шувуун паркт байрлах “Эко спорт цогцолборт” болсон бөгөөд эрэгтэй найм, эмэгтэй зургаан өрсөлдсөн.

Ингээд  “Монти” багийн тамирчин, спортын мастер цолыг энэхүү тэмцээний үеэр гардан авсан Сүхээгийн Пүрэвжаргалтай цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө 2016 оны анхны тэмцээндээ амжилттай оролцож, түрүүлсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Энэ удаагийн тэмцээн их өрсөлдөөнтэй болсон. Тэмцээн хотоос зайдуу шинэ спортын цогцолборт боллоо. Багууд их хүчтэй байлаа. 2016 оны анхны тэмцээн гэдгээрээ ихээхэн онцлогтой болсон. Манай багийн хувьд таван хожилтой, 100 хувийн амжилтыг үзүүлж, түрүүллээ. Сэтгэгдэл өндөр байна.

-“Хилчин” багт ОУХМ Л.Нарантуяа, ОУХМ Б.Хэрлэн нарын ахмад тамирчид багтсан байсан. Тэр дундаа багшийнхаа эсрэг тоглоход ямар байсан бэ?

-Эмэгтэй зургаан баг тойргоор тоглосон. Тэмцээний сүүлийн өдрийг хүртэл медальт байрт шалгарах багууд бүрэн тодроогүй байсан. Оноогоор шүүсэн болохоор их өрсөлдөөнтэй байлаа. Тэр дундаа “Хилчин” багт манай багийн дасгалжуулагч Б.Хэрлэн болон Л.Нарантуяа нарын туршлагатай тамирчид багтсан. Энэ тоглолт их хүнд болсон. Гэхдээ бид 25:21, 25:23 онооны харьцаагаар хожсон байгаа. Сүүлийн өдрийг хүртэл багуудын амжилт жигдхэн байсан. Багуудын тоглолтын харьцаанаас шалтгаалаад медальт байрт ямар ч баг шалгарах магадлалтай байсан. Эцсийн дүнд "Монти" нэг ч хожигдолгүй 9 оноогоор түрүүлж, “Хилчин” 7,5 оноо, “Хасу Мегастарс” 5.0 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртсэн.

-Таны хувьд энэ удаагийн тэмцээнээс шилдэг хамгаалагчийн шагналыг хүртэж, мөн спортын мастер цолоо гардан авлаа.

-Тэмцээний шилдгүүдийн тоонд багтана гэж бодоогүй байсан. Миний хувьд бэртэлтэй байгаад бэлтгэлдээ бүрэн орж чадаагүй. Би багийнхаа бусад тоглогчид шиг бүрэн бэлтгэлтэй байгаагүй ч үнэхээр хичээж тоглолоо. Бэртэл бүрэн эдгээгүй байгаа болохоор өөрийн санасанд хүрсэн тоглолтыг үзүүлж чадаагүй. Гэхдээ шилдэг хамгаалагч болж, спортын мастер цолыг хүртсэндээ баяртай байна.

-Ингэхэд “Монти” багт хэрхэн орж байсан бэ?

-Би Хөвсгөл аймгийн Их Мөрөн сумынх. Манай суманд волейболын спорт маш сайн хөгжсөн байдаг. Дунд сургуульд байхын волейбол тоглож, аймаг, улсын тэмцээнүүдэд тогтмол ордог байсан. 2012 онд МУБИС-ийн оюутан болж, “Энагурэ” багт орж байсан. Тухайн үед эгч нараасаа их зүйлийг сурсандаа. Азийн аваргад оролцож, элсний волейболын Зүүн Азийн бүсийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. 2016 оны анхны тэмцээнд амжилттай оролцож, ээлжит түрүүгээ авлаа. Одоо биднийг оюутны аварга, Бүх ард түмний XIV их наадам гээд олон тэмцээн хүлээж байна. Энэ жил Зүүн Азийн тоглолт байгаа.  Мөн би их сургуулиа төгсөнө.

Ч.БОЛОРЧУЛУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна