Байр түрээслэх хүсэлтэй иргэдийг 14 хоногийн турш бүртгэнэ

2016 оны 3 сарын 6

Засгийн газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг ажил хэрэг болгохоор Төрийн орон сууц корпораци /ТОСК /иргэдтэй байгуулах гэрээ, дотоод журам зэргийг боловсруулж байна. Маргааш түрээсийн орон сууцад хамрагдах иргэдийн хэрхэн бүртгэх тухайгаа  хэвлэлийн бага хурал хийж, нэгдсэн байдлаар бүртгэлийг эхлүүлэхээр болжээ. ТОСК-ийн захирал А.Гантулгын мэдээлснээр 14 хоногийн турш иргэдийг нээлттэй бүртгэх аж. Ямартай ч 27 мянган иргэн түрээсийн орон сууцад орох хүсэлтэй ТОСК, Барилга хот байгуулалтын яамд хүргүүлсэн байна. Иймээс ТОСК түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэн бүрийг бүртгээд дараа нь бүх бүртгүүлсэн хүмүүс дунд сугалаа явуулж, тэднээс сонгогдсон 350 хүн “Буянт-Ухаа II” хороолол дахь байрыг хямд үнээр түрээслэх эрхтэй болох аж. Өөрөөр хэлбэл түрүүлж бүртгүүлсэн хүн нь түрээсийн орон сууцад орно гэсэн зүйл байхгүй. Иймээс ТОСК-ийн үүдэнд иргэд олноор дугаарлах шаардлагагүй юм байна.

Гэхдээ сугалаанд шалгарахаас гадна тодорхой шалгуур хангасан байх ёстой. Үүнд өрхийн орлогын 25 хувиар түрээсийн төлбөрийг төлөх чадвартай байна. Энэ нь түрээсийн төлбөр 250 мянга гэж тооцвол нэг сая төгрөгийн өрхийн орлоготой хүн түрээсийн орон сууцад орно гэсэн үг. Нэг иргэн тав хүртэлх жил тухайн байраа түрээслэх боломжтой. Гэхдээ тухайн түрээсийн орон сууцаа өөриймсөг эдэлсэн, түрээсийн мөнгөө цаг хугацаанд нь төлсөн бол цаашаа хугацааг сунгах эрхтэй болохыг ТОСК-аас мэдээллээ. Түүнчлэн барьцаа хөрөнгө болгож, гурван сарын урьдчилгаа төлбөр авах юм. Мөн нэг айлыг түрээсээр орууллаа гэхэд гурав, дөрвөн сар төлбөрөө төлөхгүй бол яах вэ. Энэ бол Чингис бондын хөрөнгөөр боссон, ТОСК цаанаа хүү төлдөг мөнгө гэж А.Гантулга захирал мэдэгдсэн. Иймээс түрээсийн байр хөтөлбөрийг хэрэгжүүлэх журамдаа албаныхан гурван сар тухайн түрээслэгч төлбөрөө төлөөгүй бол цагдаа, ТОСК-ийн төлөөлөл очиж шууд хөөж гаргах зохицуулалтыг тусгаж өгчээ.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна