Л.Гансүхийг шүүх хурал ирэх Пүрэв гаригт болно

2016 оны 3 сарын 6

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд хандаад байгаа. Дээд шүүхийн хурал хоёрдугаар сарын 25-нд болох байсан ч 14 хоногоор хойшилж гуравдугаар сарын 10-нд товлогджээ.

Гансүх нар нь өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн улсын яллагчаас Л.Гансүхэд таван жил, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүүд долоон жил, тус компанийн Ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяад долоон жил таван сарын хорих ял оноох санал гаргасан байдаг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх хэргийг хэлэлцээд Л.Гансүхэд дөрвөн жил зургаан сар хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг дөрвөн жилээр хасч, Н. Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг шүүх гаргасан. Татвараас зайлсхийсэн асуудлын тухайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулан, өршөөсөн. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулалгүйгээр хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байдаг.

Д.ЖАГАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна