УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.06/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Аймгийн удирдлагууд Улсын Их Хурлын даргыг угтан авсан юм.

Өмнөговь аймаг тэмээн сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас санаачлан “Монгол тэмээ 999” арга хэмжээг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд төрөөс тэмээчдийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогын талаар санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байгаа юм. Улсын Их Хурлын дарга Өмнөговь аймагт ажиллах эхний өдрөө тус зөвлөгөөний нээлтэд оролцов.

 

Улсын Их Хурлын дарга зөвлөгөөний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Зөвлөгөөнд зөвхөн Өмнөговь аймгийн тэмээчид биш, тэмээтэй бүх аймгийн төлөөлөл оролцож байгаа юм байна. Би Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы завсарлагаанаар аймгуудад ажиллах орон нутгийн томилолтоо Өмнөговь аймгаас эхэлж байна. Сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээ бий. Р.Бурмаа сайдын санаачилсан “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд бүх малчныг сайн малчин болгох зорилт тавьсан. Сайн малчин бол бүх мал нь эрүүл, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, малчны дансаа хэрэглэдэг, тамга тэмдэгтэй, амьжиргаагаа авч явах хэмжээний малчин байх хэрэгтэй. Мал эрүүл байх юм бол мах, сүү, арьс ширээ экспортлох боломж малчдад бүрдэнэ. Тиймээс дотоодын хэрэгцээнээс илүү гарсан бүтээгдэхүүнүүдээ экспортлох хэрэгтэй. Үүний тулд мал эрүүл байх шаардлагатай.
Төрийн банк малчны зээлийн хүүгээ бууруулсан. Засгийн газрын хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах юм бол малчин дансаа ашигладаг бол малчны зээлийн хүү жилийн 18 хувь байгаа нь 10 хувь болж буурна. Төрийн банк бүх зээлийн хүсэлтийг хүлээн авах боломжтой. Төрийн банк гурван төрлийн шалгуур хангасан малчныг энэ сарын 15-наас хөнгөлөлттэй зээлд хамруулах болно.
Дэлхийд байдаг хоёр бөхтэй тэмээний гуравны хоёр нь Өмнөговь аймагт бий. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг нь дэлхийн брэнд болгох боломжтой. Тухайлбал, чихрийн шижин өвчнийг ингэний сүүгээр эмнэх боломжтой гэж сонссон. Өнөөдөр 2000 төгрөгийн үнэтэй байгаа ингэний сүү чихрийн шижин өвчнийг эмчилдэг гэдэг нь батлагдвал 20000 төгрөгт хүрэх ч магадлалтай. Өвөрмонголчууд Япон Улс руу ингэний сүү экспортлоод эхэлсэн, бид хоцорч байна. Гэхдээ төр засгаас энэ чиглэлийн арга хэмжээ авч байгаагийн дээр малчид та бүхэн экспортыг зорьж ажиллаарай. Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар "Тэмээчдийн зөвлөгөөн"-д оролцогчдод хандан үг хэллээ. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ, Өмнөговь аймаг улсдаа анхдагч болж Малчин хөтөлбөрийг хэрэгжүүлж малчдын эрүүл мэндэд онцгой анхаарч, малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлсээр байна. Өнгөрсөн намар малчдын зөвлөгөөнөө амжилттай зохион байгуулан малчдын өмнө тулгамдсан асуудал, авч хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлон, малчдынхаа өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Говь фестиваль”, “Ингэний айраг”-ны баяр гээд амжилттай зохион байгуулж малчдаа дэмжсэн гээд хийсэн хэрэгжүүлсэн ажил олон юм. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас малчдын зээлийн хүүг 28 хувиас 18 хувь болгож бууруулсан шийдвэрийг та бүрэн сонссон байхаа. Энэ зээлийн хүүг улмаар 10 хувь хүргэх боломжтой. Энэ маань малчид та бүхэнд тулгарч байсан зээлийн хүүний дарамтыг хөнгөлсөн чухал ажил болсон гэдэгт итгэлтэй байна гэв.

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа хэлэхдээ “Төрөөс малчдын талаар баримталж буй бодлогууд болон орон нутгийн хэмжээнд малчид, тэмээчдийн талаар баримталж буй бодлогын талаар зөвлөлдөхөөр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Төрөөс тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх талаар олон арга хэмжээ авч ирсэн бөгөөд энэ хүрээнд хийсэн томоохон ажил бол “Ханын хэцийн хүрэн”, “Галбын говийн улаан” омгийн тэмээдийн үүлдрийг ХХААЯ-аас баталгаажуулсан нь олон жилийн ажлын үр дүн байсан. Зөвлөгөөнд оролцогч та бүхэн малчдын талаар төрөөс баримталж буй бодлогын талаар санал солилцож, тэр дундаа тэмээчдийн талаар онцгойлон хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөнө хэмээн найдаж байна” гэв.

Өмнөговь аймгийн 15 сумын Засаг дарга нар, Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга нар, тэмээчдийн төлөөлөл, Дорнод, Говьсүмбэр, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай аймгийн төлөөлөгчид оролцож байгаа зөвлөгөөний үеэр “Төрөөс мал аж ахуйн талаар баримталж буй бодлого” сэдвээр ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж, “Аж үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй бодлого” сэдвээр Аж үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа илтгэл танилцууллаа. Түүнчлэн Өмнөговь аймгийн ХХААГ-аас “Тэмээний аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын зорилт, хэмжээ”, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөл “Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэл танилцуулсан юм. Мөн “Монгол тэмээн соёл, спорт, аялал жуулчлалын хөгжил, ирээдүйн чиг хандлага”, “Монгол тэмээнд тохиолдох өвчин, эмгэг, тэдгээрээс сэргийлэх арга зам” сэдэвт илтгэлийг тус тус танилцуулав.

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй Тэмээчдийн зөвлөгөөний үеэр мөн “Торомны ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх маркетинг” сэдэвт илтгэл танилцуулж, төгсгөлд нь зөвлөгөөнөөс гаргаж буй уриалгыг нийт төлөөлөгчдөд танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж