“Ширээнд ойртон сууж, гараа өргөөрэй”

2016 оны 3 сарын 7

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

-Эзэмшсэн мэргэжил, ур чадварын хувьд эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй ч манлайлах түвшинд гарч ирж чадахгүй байгаад олон учир шалтгаан бий-

Социализмын үеэс бидний тэмдэглэж заншсан Мартын 8-ыг маргааш тэмдэглэх гэж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн нэрийддэг энэ өдрийг монголчууд бид эмэгтэйчүүдээ баярлуулах өдөр болгон тэмдэглэж заншсан. Мөн энэ өдөр эмэгтэйчүүд Монголын нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ, тэдний дуу хоолой олонд хүрч байна уу, эмэгтэйчүүдийн хувь нэмрийг бодитоор үнэлж байна уу гэсэн асуултын хариуг эрэлхийлдэг.

Түүхийн цаг үеийн хугацаанд монгол эмэгтэйчүүд харьцангуй эрх чөлөөтэй, эдийн засгийн эрх мэдэлтэй явж ирсэн. Олон орны өмнө тулгар байгаа жендерийн шийдэх ёстой асуудлуудыг бид аль хэдийнэ шийдсэн байдаг. Монгол эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил боловсрол эзэмшиж, хөдөлмөрлөхийн зэрэгцээ өөрийн сонголтоор амьдралаа зохиох эрхтэй. Ийм эрхгүй хэдэн сая эмэгтэй энэ дэлхийд амьдарч байгаатай харьцуулахад бид азтай.

Монголын хүн амын тал хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Харин нийт эмэгтэйчүүдийн 56.1 хувь нь хөдөлмөрийн насныхан байгаагийн  дотор 70 гаруй хувийг 35 хүртэлх насны залуу эмэгтэйчүүд эзэлж байна. Нийгмийн баялаг үйлдвэрлэлийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо байнга өсч байгааг мэргэжилтнүүд хэлдэг.

Эмэгтэйчүүдэд оруулсан хөрөнгө эргэн хамгийн үр ашигтайгаар нөхөгддөг учраас “Эмэгтэйчуудэд хөрөнгө оруулах” нь гэсэн сэдэв барууны орнуудад ихээхэн дэмжлэгтэй байна. НҮБ, ОУВС, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоогоор охид, эмэгтэйчүүд олсон орлогынхоо 90 хувийг гэр бүлдээ зарцуулдаг бол эрчүүд орлогынхоо 30-40 хувийг зарцуулдаг байна, мөн охид, эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших ижил тэгш нөхцөлийг бүрдүүлснээр тухайн улсын хөдөлмөрийн бүтээмж 25 хувь нэмэгддэг,  хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөр эрхлэлтийн орчинг эмэгтэй, эрэгтэйчүүдэд тэгш болгосноор 100-150 сая хүнийг өлсгөлөнгөөс аврах боломжтой байдаг гэжээ. Мөн эмэгтэйчүүдээр удирдуулсан компани илүү тогтвортой ажилладаг гэсэн судалгаа байдаг байна. Сургуульд элсэн орох охидын тоог 10 хувиар нэмэхэд тухайн улсын ДНБ дунджаар гурван хувиар өсдөг гэсэн тооцоог АНУ-ын Хөгжлийн агентлаг гаргажээ.

Монголын эмэгтэйчүүд манай нийгэмд ихээхэн чухал үүрэгтэй. Нэн ялангуяа доод, дунд шатны гүйцэтгэх ажил эмэгтэйчүүдийн нуруун дээр байгааг үгүйсгэх хүн гарахгүй болов уу. Гэсэн ч удирдах дээд шат болон улс төрд манлайлах эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй хэвээр байгаа. Сүүлийн 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон гишүүдийн 14.5 хувь, Засгийн газрын яамдын төрийн нарийн бичгийн дарга нарын 19 хувь нь эмэгтэйчүүд байна.

Эзэмшсэн мэргэжил, ур чадварын хувьд эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй ч манлайлах түвшинд гарч ирж чадахгүй байгаад олон учир шалтгаан бий. Юун түрүүн эмэгтэй хүн эх болж, үр хүүхдээ өсгөх, гэр бүлээ халамжлах үүргийг шууд өөр дээрээ хүлээн авдаг. Чухам энэ шалтгааны улмаас ажлын байран дээрээ илүү өндөр цалинтай дээд шатны ажил руу ахих санаачилгыг гаргахаас төвөгшөөдөг. Энэ тухай Фэйсбуукийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шэйрил Сандберг “Өөдөө тэмүүл” номондоо дэлгэрэнгүй бичсэн. Энэ ном 2013 онд хэвлэгдэн гарсан даруйдаа АНУ-д хамгийн борлуулалттай номын жагсаалтыг гурван сар тэргүүлсэн. Одоо номоор кино хийж байгаа юм. Уг ном өнгөрсөн онд монгол хэл дээр орчуулагдан олны хүртээл болсон бөгөөд монгол хэвлэлийн өмнөх үгийг Монголын гайхалтай эмэгтэйчүүдийн нэг УИХ-ын гишүүн С.Оюун бичсэн байсан.

Шэйрил Сандберг номондоо эмэгтэйчүүд чадна гэсэн сэтгэлийн өөрчлөлтийг эхлээд өөртөө хийж, өөрийгөө голохгүй байх, гэр бүлээ халамжлах, үр хүүхдээ өсгөх шалтгаанаар ажлын карьераар өгсөх боломжоо хаахгүй байх, нийгэмд байдаг хэвшмэл ойлголтыг сөрөн зогс гэсэн мессежүүдийг өөрийн амьдралыг жишээн дээр өгсөн юм.

Шэйрил Сандбергийн өгсөн зөвлөмж Монголын олон эмэгтэйд дутагддаг. Өнөөдөр дэлхийн олон орон, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаар хэвшмэл хуучирсан ойлголттой гэгддэг Азийн хэд хэдэн орон эмэгтэй Ерөнхийлөгчтэй байсан, зарим нь одоо байна. Хамгийн сүүлийн жишээ нь, БНСУ болон Тайвань юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн суудлын төлөө анх удаа эмэгтэй хүн өрсөлдөж байна. Монголын олон сайхан эмэгтэй манлайлагчдаас Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга байж чадах эмэгтэй байгаа. Гагцхүү тэд Сандбергийн хэлснээр “ширээнд ойртож суухгүй, гараа өргөхгүй” байгаа. Сандбергийн ажигласнаар хурал зөвлөгөөний үеэр эмэгтэйчүүд гол төлөв ширээнээс аль болох хол сууж, үг хэлэх болоход гараа бараг өргөдөггүй аж. Тиймээс баярын энэ өдөр эмэгтэйчүүд минь ширээнд ойртон сууж, гараа өргөн хэлэх үгээ зоригтой хэлж, сэтгэлгээгээ өөрчилснөөр гэр бүл, үр хүүхдийнхээ амьдрах ирээдүйг илүү сайхнаар бүтээгээрэй гэсэн ерөөл өргөе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна