Хүйтэн дайн: Черчилийн үг

2016 оны 3 сарын 7

Карибын хямрал, Мальт дахь уулзалт

 

Одоогоос 70 жилийн өмнө буюу 1946 оны гуравдугаар сарын 5-нд АНУ-ын Миссури мужийн Фултон хотын Вестминстерийн коллежид Уинстон Черчилийн хэлсэн үг нь хожим хүйтэн дайны эхлэл болсон хэмээн түүхчид үзпэг. Черчиль тэр үед Их Британийн парламентын сөрөг хүчний удирдагч байлаа. 

 

"Хүйтэн дайн"

 

“Хүйтэн дайн” гэсэн холбоо үгийг анх удаа АНУ-ын ерөнхийлөгч Гарри Трумений зөвлөх Бернард Барух 1947 оны дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Каролина мужийн хууль тогтоочдын хуралдаан дээр хэлжээ. Энэ томьёоллыг New York Tribune сонинд сэтгүүлч Уолтер Липпман өгүүлэл бичихдээ ашигласнаар олон нийтэд түгсэн юм. Сэтгүүлч Липпман 1947 оны арваннэгдүгээр сард “Хүйтэн дайн. АНУ-ын  гадаад бодлогын тухай” гэсэн ном хэвлүүлжээ.

 

Хүйтэн дайн үйл явдлын товчоон

 

Хүйтэн дайн 1940-өөд оны дунд үеэс 1990-ээд оны эхэн хүртэл үргэлжилсэн. Дэлхийн II дайны дараа АНУ ба ЗХУ өөр өөрийн нөлөөллийн бүсийг гаргаж ирэн тэднийг цэрэг, улс төрийн  эвслээр бататгасан юм. Социалист, капиталист систем ийнхүү бие биенийхээ эсрэг сөрөг зогссон нь ердийн болон цөмийн зэвсгийн хөөцөлдөөнийг хөөрөгдсөн. 1970-аад онд олон улсын хурцадмал байдлыг намжаахад хоёр тал ихээхэн зүтгэл гаргасан юм. Хүйтэн дайны төгсгөл нь гол төлөв ЗХУ ба социалист орнуудад гарсан улс төр, нийгмийн өөрчлөлттэй холбоотой.

 

1946 оны гуравдугаар сарын 5. Уинстон Черчиль алдартай үгээ АНУ-ын Миссури мужийн Фултон хотноо хэлсэв. “ЗХУ тэргүүтэй дэлхийн коммунизмтай” тэмцэх Англи-АНУ-ын холбоо байгуулах саналыг тэрээр хэлсэн үгэндээ дэвшүүлжээ. ЗХУ түүний үгийг хүйтэн дайны эхлэл хэмээн хүлээн авчээ.

 

1947 оны гуравдугаар сарын 12. АНУ-ын ерөнхийлөгч Гарри Трумэн Засгийн газрынхаа гадаад бодлогын хөтөлбөрийг  танилцууллаа. Түүнд коммунист бус дэглэмүүдэд цэрэг, санхүү, эдийн засгийн тусламж үзүүлэхийг тунхагласан бөгөөд тэр нь гадаад орнуудын дотоод хэрэгт шууд оролцох, цэргийн баазыг тэдний нутаг дэвсгэрт байгуулахыг зөвшөөрсөн хэрэг болов. Трумений  номнолын үндэс нь ЗХУ болон бусад коммунист орнуудад шахалт үзүүлэхэд чиглэж байв. АНУ-ЗХУ-ын сөргөлдөөнийг Трумен “ардчилал ба тоталитаризмийн сөргөлдөөн” гэж тодорхойлжээ.

 

1948 оны дөрөвдүгээр сарын 3. Түүхэнд Маршаллын төлөвлөгөө гэсэн нэрээр орсон Төрийн нарийн бичгийн дарга Жорж Маршаллын дэвшүүлсэн төлөвлөгөөг АНУ  хэрэгжүүлж эхлэв. Түүний гол  зорилтын нэг нь Европын орнуудын эдийн засгийг тогтворжуулан засгийн эрхэнд нь коммунистуудыг гаргахгүй байх байсан юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэн дөрвөн жилийн дотор Баруун Европын 17 оронд 12 тэрбум ам.долларын тусламж үзүүлжээ. Зүүн Европын орнууд ЗХУ-ын шахалтаар уг тусламжаас татгалзсан юм.

 

1949 оны дөрөвдүгээр сарын 4. Бельги, Канад, Дани, Франц, Исланд, Итали, Люксембург, Голланд, Норвеги, Португали, Их Британи, АНУ зэрэг 12 орны Гадаад хэргийн сайд нар Умарт Атлантын бүс нутгийн чинээлэг амьдралыг дээшлүүлж, тогтвортой байдлыг хангах үүднээс Вашингтоны гэрээнд гарын үсгээ зурав. Энэ гэрээгээр нийтийн аюулгүй байдлын систем үйлчилж эхэлжээ. Уг гэрээний 5 дугаар зүйлд зааснаар  гэрээнд гарын үсэг зурсан аль нэг орон нь довтолгоонд өртвөл энэ үйлдлийг гишүүн орнуудад халдсан хэрэг гэж үзнэ гэжээ. Энэ баримтын дагуу Умарт Атлантын  гэрээний байгууллага НАТО бий болсон юм. Эдүгээ тус байгууллагад 28 улс орон багтдаг.

 

1955 оны тавдугаар сарын 14. Европын орнуудын  энх тайван, аюулгүй байдлыг хангах талын Варшавын хуралдаан дээр Албани, Болгар, Унгар, БНАГУ, Польш, Румын, ЗХУ, Чехословакийн төлөөлөгчид Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээнд (Варшавын гэрээ) гарын үсгээ зурлаа. Энэ баримтаар Европын социалист орнуудын  цэргийн эвсэл болох Варшавын гэрээний байгууллага байгуулагдав. Эвслийн аль нэг оронд  зэвсэгт халдлага ирвэл гэрээний орнууд туслах, мөн эдгээр орны нутаг дэвсгэрт ЗХУ-ын цэргийг байрлуулах үүргийг гишүүд нь авсан юм.

 

1961 оны наймдугаар сарын 13. БНАГУ-ын эрх баригчдын шийдвэрээр Баруун Берлин, Зүүн Германы хооронд тусгаарлах ханыг босгож эхэлжээ. Ханын нийт урт нь 111 км, өндөр нь 3,6 метр байсан юм. Ханын дээгүүр өргөст тор татаж, ханыг Зүүн Германы 10 мянган цэргийн албан хаагч хамгаалж байв. Хана бааригдсанаас хойш нураах хүртэл 28 жилийн дотор Зүүнээс зугтах гэсэн 138 хүн ханын дэргэд амь үрэгджээ. Берлиний хана нь хоёр Германы хагарлын, мөн хүйтэн дайны бэлгэдэл нь байсан юм.

 

1962 оны аравдугаар сарын 22. Хүйтэн дайны хамгийн хурц мөч болох Карибийн хямрал эхлэв. Энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди ард түмэндээ хандан ЗХУ-ын цөмийн зэвсэг Кубад байгаа тухай мэдэгдэн арлыг тэнгисийн цэргийн хүчээр бүслэн хаахаар шийдсэнээ хэлсэн юм. АНУ-ын пуужингуудыг Их Британи, Итали, Туркт байрлуулсаны хариу болгон цөмийн цэнэгтэй баллистик болон далавчит пуужингуудыг ЗХУ Кубын аралд байрлуулжээ. Мөн Кубад цөмрөх гэсэн АНУ-ын аюул занал байсан юм. Энэ хямрал нь Кубын тэнгэрт АНУ-ын тагнуулын  U2 онгоцыг сөнөөсний дараа оргилдоо хүрсэн.

 

 

Атомын дайн: 70 жилийн өмнө АНУ анх удаагаа цөмийн зэвсэг туршлаа

© AP Photo/Russell Contreras

 

Цөмийн дайны аюул үүслээ. Гэхдээ хэд хоногийн дотор дипломат замаар асуудлыг шийдэж чадав. ЗХУ Кубаас пуужингаа эргүүлэн татаж, АНУ арал руу нэвтрэхгүй гэсэн баталгааг өгч, мөн Турк, Италиас пуужингуудаа гаргахаар болсон юм.

 

1970 оны наймдугаар сарын 12-нд ЗХУ болон ХБНГУ-ын хоорондох Москвагийн гэрээг зурлаа. Энэ гэрээгээр Европын орнуудын хилийн дархан байдлыг бататгаж, аль нэг улс орон руу халдахгүй байх үүргийг хүлээв.

 

1972 оны тавдугаар сарын 22-30. АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон ЗХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас Москвад айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болов. ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежневтэй түүний хийсэн хэлэлцээрийн дүнд тэд Стратегийн довтолгооны зэвсгийг хорогдуулах (ОСВ-1), мөн пуужингийн довтолгооны эсрэг системийг хязгаарлах гэрээнд гарын үсгээ зуржээ. Улс төрийн тунхаг бичигт нь үзэл суртал, нийгмийн тогтолцооны ялгаа нь  капиталист, социалист орнуудыг энхээр зэрэгцэн оршиход саад болох ёсгүй гэсэн юм.

 

1974 оны арванхоёрдугаар сарын 20. АНУ-ын Конгресс Жексон-Вэникийн гэх нэмэлтийг баталлаа. Энэ нь ЗХУ болон АНУ-ын иргэд чөлөөтэй цагаачлахыг хоёр орны хоорондын худалдаатай уялдуулсан хориг юм. Тэр заалт нь коммунист блокийн бүх орнуудад хамаарч байсан бөгөөд ЗХУ задарсны дараа ч Тусгаар тогтносон орнуудын холбоонд хамаарч байлаа.

 

1986 оны аравдугаар сарын 11-12. Исландын Рейкьявик хотноо ЗХУ, АНУ-ын тэргүүн болох Михаил Горбачев, Рональд Рейган нар хэлэлцээр хийлээ. Уг уулзалт дээр цөмийн зэвсгээр хөөцөлдөхийг зогсоох асуудал яригджээ. Зэвсэглэлийн талаар тодорхой тохиролцоо хийгдээгүй ч талууд дунд тусгалын пуужинг устгах, стратегийн довтолгооны зэвсгийг хорогдуулах тухай яриа хэлэлцээгээ урагшлуулж чадсан юм. Хожим энэ уулзалт нь 1987 онд Вашингтонд, 1991 онд Москвад гарын үсэг зурагдсан ЗХУ-АНУ-ын хэлэлцээрийн үндэс болсон юм. Энэ уулзалт нь хүйтэн дайныг зогсоох анхны алхам болсон гэж улс төр судлаачид үнэлдэг.

 

1989 оны арванхоёрдугаар сарын 2-3. Мальтын эрэг орчим ЗХУ-ын "Максим Горький" хөлөг дээр ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев АНУ-ын ерөнхийлөгч том Жорж Буштай уулзлаа.Зэвсэг хураах, хоёр талын харилцаа, дэлхийн халуун цэгүүдийн тухай тэд ярилцав. Хэлэлцээрийн явцад Михаил Горбачев мэдэгдэхдээ "АНУ-ыг өөрийн дайсан гэж ЗХУ тооцохгүй байх, энэ тухайгаа олон түмэнд зарлахад  бэлэн байна. Цэргийн хамтын ажиллагааг оролцуулаад бид АНУ-тай хамтран ажиллахад бид нээлттэй" гэлээ. Жорж Буш уулзалтыг дүгнэхдээ "АНУ, ЗХУ хоёрын хоорондын харилцааны шинэ догдлом мөчийн босгон дээр бид зогсож байна” гэжээ. Энэ уулзалтын явцад ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулаагүй юм. Гэхдээ тэр үеийн  тоймчид  энэ саммитийг хүйтэн дайны төгсгөл, 1945 оны Ялтын бага хурлын дараах дээд төвшний хамгийн чухал уулзалт гэж нэрлэж байлаа.

 

Сонирхолтой нь, хоёр Герман нэгдсэний дараа хүйтэн дайн дууссаны бэлгэдэл болгон “Максим Горький” хөлгийг Германд дурсгалын бэлэг болгон өгсөн ч  хэдэн жилийн дараа түүнийг төмрийн хаягдал болгон задлан үгүй болгожээ.

 

Хүйтэн дайн гэрэл зурагт:

 

 

1946 оны гуравдугаар сарын 5-нд Уинстон Черчиль алдарт үгээ АНУ-ын Миссури мужийн Фултон хэлж байгаа нь.

Фото: AP Photo

 

 

1947 онд АНУ-ын ерөнхийлөгч Гарри Трумэн Засгийн газрынхаа гадаад бодлогын хөтөлбөрийг Конгресст танилцууллаа.

 

Фото: AP Photo

 

 

Маршаллын төлөвлөгөө гэж түүхэнд үлдсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Маршаллын дэвшүүлсэн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэв. Зурагт: Грект тусламж ирж байгаа нь, 1950 он. Фото: AP Photo/ECA

 

 

1949 онд Умарт Атлантын эвсэл байгуулах гэрээнд 12 орон гарын үсгээ зурлаа, 1949. 04.04
Фото:  AP Photo

 

 

1955 оны тавдугаар сарын 14-нд Европын социалист орнуудын цэргийн эвсэл болох Варшавын гэрээний байгууллага  байгуулагджээ. Зурагт: ЗХУ-ын маршал Иван Конев, Зөвлөлтийн Гадаад хэргийн сайд Вячеслав Молотов, ЗХУКН-ын ТХ-ны дээд зөвлөлийн гишүүн Николай Булганин, маршал Георгий Жуков (зүүнээс баруун тийш)
Фото:  AP Photo

 

 

Варшавын гэрээний орнуудын армийн хээрийн сургууль, 1969 он. Фото: Владимир Мусаэльян/ ТАСС

 

 

1961 оны наймдугаар сарын 13-нд Баруун, Зүүн Берлины хооронд хана босгож эхэлжээ. Фото: AP Photo

 

 

1962 оны аравдугаар сарын 22-нд хүйтэн дайны хамгийн хурц мөч Карибийн хямрал эхлэв. Энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди ард түмэндээ хандан ЗХУ-ын цөмийн зэвсэг Кубад байгаа тухай мэдэгдэн арлыг  тэнгисийн цэргийн хүчээр бүслэн хаахаар шийдсэнээ хэлсэн юм. Фото: AP Photo

 

 

АНУ-ын пуужингуудыг Их Британи, Итали, Туркт байрлуулсны хариу болгон  цөмийн цэнэгтэй  баллистик болон далавчит пуужингуудыг Зөвлөлт Кубын аралд байрлуулжээ. Зурагт: Куба дахь Зөвлөлтийн пуужингууд, 1962. 10. 27
Фото: AP Photo/U.S. Defense Department

 

 

1972 оны тавдугаар сарын 22-30-нд ЗХУ-ад АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон албан ёсны айлчлал хийлээ. Гэрэл зурагт ЗХУ-ын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Николай Подгорный Ричард Никсоныг Внуковогийн нисэх буудалд хүлээн авлаа. Фото: Алексей Стужин/ ТАСС

 

 

ЗХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежневтэй хэлэлцээр хийв. Хэлэлцээрийн дүнд  тэд Стратегийн довтолгооны зэвсгийг хорогдуулах (ОСВ-1) мөн  пуужингийн довтолгооны эсрэг системийг хязгаарлах талын гэрээнд гарын үсгээ зуржээ. 1972. 05. 23
Фото: Василий Егоров/ ТАСС

 

 

Исландын Рейкьявик хотноо 1986 оны аравдугаар сарын 11-12-нд ЗХУ, АНУ-ын тэргүүн Михаил Горбачев, Рональд Рейган хоёр хэлэлцээр хийлээ.
Фото:  Юрий Лизунов/ ТАСС

 

 

Рейкьявикийн уулзалт нь  1987 онд Вашингтоны, 1991 онд Москвагийн хэлэлцээрүүдийн үндэс болсон юм. Зураг дээр: АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган, ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев Цагаан ордны дэргэд болсон үдэлтийн арга хэмжээн дээр, 1987. 12. 10. Фото Юрий Лизунов, Александр Чумичев / ТАСС

 

 

ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 43 дахь чуулганд оролцохоор АНУ-д айлчлав. АНУ-ын дэд ерөнхийлөгч том Жорж Буш, ерөнхийлөгч Рональд Рейган, ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев   нар Говернорс-Айленд арал дээр, 1988. 12. 08
Фото: ТАСС/ Зуфаров Валерий

 

 

1989 оны арванхоёрдугаар сарын 2-3-нд Мальтын эрэг орчим Зөвлөлтийн “Максим Горький” хөлөг  онгоц дээр  ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев АНУ-ын ерөнхийлөгч том Жорж Буштай албан ёсны бус уулзалт хийжээ. Хэлэлцээрийн явцад ямар нэгэн бичиг баримт үйлдэгдээгүй ч энэ саммитийг хүйтэн дайн  төгсгөл гэж үздэг.

© Юрий Лизунов/Фотохроника ТАСС

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна