Д.Ганхуяг: АН бодлогын нам болсноор Монгол улсад том дэвшлийг авчирна

2016 оны 3 сарын 7

 

Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн Эрчим хүч, уул уурхайн бүлгэмийн хэлэлцүүлэгт /2016.02.24/ УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг оролцсон бөгөөд Экспорт ба эрдэс баялаг, эрчим хүчний салбарын цаашдын хөгжил сэдвээр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Экспорт ба эрдэс баялаг, эрчим хүчний салбарын цаашдын хөгжил

(АН-ын Бодлогын Зөвлөл Эрчим хүч, Уул уурхайн бүлгэм)

 

​​Ардчилсан намын Бодлогын зөвлөл / БЗ /-ийн Эрчим хүч, Уул уурхайн бүлгэмийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөний "Экспорт ба Эрдэс баялаг, Эрчим хүчний салбарын хөгжил" сэдэвт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, намын журмын нөхөд, хэлэлцүүлэгийг зохион байгуулагчдад чин сэтгэлийн талархал илэрхиилье!

 

​​Өнгөрсөн оны сүүлчээр Ардчилсан намын дарга З.Энхболдын санаачилгаар намын БЗ байгуулагдаж, БЗ-ийн бүлгэмүүд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхлэж байгаа нь АН-ыг бодлогын институц болж төлөвшин хөгжихөд чухал хувь нэмрийг оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Миний бие 2005 онд АН-ын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа энэ дүрмийн төсөлд АН БЗ-тэй байх саналыг оруулж батлуулж байснаа тэмдэглэхэд таатай байна.

 

​Цаашид АН-ын БЗ, БЗ-ын бүлгэмүүд, тухайлбал эдийн засаг, аж үйлдвэр, худалдаа, түүнчлэн эрдэс баялаг, эрчим хүчний зэрэг салбарын баялаг бүтээгчид, улмаар эдийн засгийн бүх ангилалын сонирхолын бүлгүүдтэй идэвхтэй хамтран, дэмжиж ажилласнаар Монгол улсын төр, засгийн бодлогын шийдвэрийн чанар, өрсөлдөх чадвар, хэрэгжилтийн үр дүн эрс сайжирна гэж үзэж байна. АН өнгөрсөн 26 жилийн хугацаанд улс төр, эдийн засаг, нийгэм зэрэг бүх л салбарын бодлогын шинэчлэлийн манлайлагч нь байсан. Цаашид АН, АН-ын БЗ ардчилсан, хөгжилтэй орнуудын жишгээр идэвхтэй ажилласнаар Монгол улсын хөгжлийн оновчтой бодлогыг тодорхойлогч болон хурдасгагч, түүчээ улс төрийн хүчин хэвээр байх болно. АН-ын бодлогын судалгаа, бодлогын шийдвэр гаргах чадвар бэхжин хөгжсөнөөр өнөөгийн манай улс төрийн намуудын аль нэгэн улс төрийн хүчнээ, эсхүл улсаа муулж өөрийн намын рейтингийг өсгөх зорилго бүхий байсхийгээд л идэвхждэг бусармаг үйл ажиллагаа нь Монгол улсын хөгжлийн төлөө оновчтой, чанартай бодлого тодорхойлох өрсөлдөөн болж өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна.

 

За ингээд хэлэлцүүлэгийн сэдэвтээ орьё!

 

Эрчим хүч, Уул уурхай бол том салбар. Дээр нь эдгээр салбарын хөгжил нь Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, түүнчлэн гадаад худалдаа улмаар экспортод хамгийн чухал байр суурийг эзэлдэг.

 

Ингээд Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлт ба экспорт, эрчим хүч, эрдэс баялагийн салбарын цаашдын хөгжлийн талаар бодлогын чанартай хэдхэн санал хэлье гэж бодож байна.

 

 Нэг. Эдийн засгийн тогтвортой өсөлт ба Экспорт

 

Энэ хэлэлцүүлэг АН бусад нам, эвсэлтэй хамтарч эрх барьж байгаа өнөө үед Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал "МУУХТХҮБ гэх"/2016-2030/-ыг УИХ-р баталсаны дараахан болж байгаараа онцлогттой. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд манай улс олон улсын жишигт нийцсэн урт хугацааны хөгжийн бодлогогүй явж иржээ. МУУХТХҮБ-д зорилтуудыг богино хугацаа (2016-2020 он), дунд хугацаа (2021-2025 он), урт хугацаа (2026-2030 он) гэсэн 3 үндсэн үе шатад хувааж хэрэгжүүлэхээр зааж өгсөн.                      

 

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр эдийн засгийн хөгжилд гарах үр дүн, өөрчлөлтийг доорх 16 үндсэн үзүүлэлтээр тодорхойлох бөгөөд хэрэгжилтийн явцыг үнэлсний үндсэн дээр үзэл баримтлалын хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авч явах юм. МУУХТХҮБ-д заасан чиглэлийн зорилтуудыг төлөвлөсөн хугацаанаас өмнө хэрэгжүүлэхийг төр засаг, парламентад суудалтай улс төрийн нам болон эрх баригч нам, Монгол улсын нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүтээлчээр хамтран чин сэтгэлээсээ, хичээн ажиллах учиртай. Ингэснээр Монгол улсын хөгжлийн хурдац нэмэгдэх болно. ​Өөрөө хэлбэл Монголчууд бүс нутгийн болон олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортлогч  орон болох, ингэснээр эдийн засгийн өсөлт тогтворжих, түүнчлэн 1 хүнд оногдох орлогоороо дундаж орлоготой орнуудыг тэргүүлэх хөгжилтэй орон болж чадах эсэх том сорилтын өмнө ирээд байна.

 

 

Тогтвортой хөгжил гэж "өнөөгийн хэрэгцээгээ хангахдаа хойч үеийнхээ хэрэгцээг хангах боломжийг хязгаарладаггүй хөгжлийг" хэлдэг. Тогтвортой хөгжлийн гурван үндсэн тулгуур нь эдийн засаг, нийгэм, байгаль орчин билээ. Урт хугацааны тогтвортой хөгжлийн гол чиглэлүүдийн нэг нь Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж, инновацийг тууштай дэмжих юм.

 

Өнөөгийн байдлаар Эдийн засгийн тогтвортой өсөлтийн гол тулгуур болсон уул уурхайн салбарын экспорт, төсвийн орлогот эзлэх хувийг харгалзан цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн зэрэгцээ, экспортын шинэ салбар, түүхий эд боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих, ХАА-г хөгжүүлэх нь эдийн засгийн тогтвортой хөгжлийн нэн чухал зорилт болж байна. Судалгаанаас харахад 2011 оны байдлаар Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд уул уурхай, ХАА, эрчим хүч ба дэд бүтцийн салбар, үйлчилгээний салбар энэ дотроо аялал жуулчлалын салбарууд орсон байдаг. Цаашид эдийн засгийн эдгээр тэргүүлэх чиглэлүүд дээр дэвшилтэт болон өндөр технологийн боловсруулах аж үйлдвэрийн мэдээлэл, мэдээлэл боловсруулах мэдээллийн технологи гэсэн хоёр салбарыг нэмэх нь зүйтэй юм.

 

Эдийн засгийн хүрээнд цаашид жилд дундажаар 6-аас доошгүй хувийн өсөлттэй, тогтвортой хөгжлийг хадгалах, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, уул уурхайн түүхий эдийн бус боловсруулсан бүтээгдэхүүний болон уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх бодит шаардлага тулгараад байна. Ирэх 15 жилд уул уурхай, хүнд аж үйлдвэр, холбогдох дэд бүтцэд 47 тэрбум ам.долларын эх үүсвэр хэрэгтэй байна. 

  

Хүснэгт 1. Гадаад худалдааны нийт эргэлт, экспорт, импортын хэмжээ сая.ам доллар

 

Гадаад худалдааны статистикийн сүүлийн 10 жилийн дүнгээс харахад нийт эргэлтийн 55-70 орчим хувийг хоёр хөрштэй хийсэн худалдаа эзэлж ирсний дотор, экспортын 70-90 хувийг дангаараа БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлсэн дүнтэй байна. 2015 онд манай улс дэлхийн 130 гаруй оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.5 тэрбум ам.долл, үүнээс экспорт 4.7 тэрбум ам.долл, импорт 3.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ онд нийт экспортод Уул уурхайн бүтээгдэхүүний эзлэх хувь багасч гарсан нь олон улсын зах зээл дээр эрдэс баялагийн түүхий эдийн үнэ унаснаас болон энэ салбарын орлого, ашиг буурч, улмаар уг салбар дахь хөрөнгө оруулалт багассаныг, нөгөө талаас уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, бүтэцжүүлэх шаардлага, боломж байгааг харуулж байна.

 

Сүүлийн 10-аад жилийн гадаад худалдааны статистикаас авч үзэхэд, 2006 болон 2014, 2015 оноос бусад онуудад импортын хэмжээ нь экспортоос давж гадаад худалдаа алдагдалтай явж иржээ. Эдийн засгийн өндөр өсөлттэй 2010-2013 оны хооронд гадаад худалдааны алдагдал ихтэй, өөрөөр хэлбэл экспортоос импорт нь илт давамгайлж, сонгуулийн амлалтаар иргэдэд бэлнээр тараасан 2.5 их наяд буюу 1.7 тэрбум.ам.долларын ихэнх нь импортын бараа, материалын төлбөрт гадагш урсаж байсныг илэрхийлж байна. Гадаад худалдааны нийт эргэлт 2014 онд 2008 оныхоос 2 дахин өссөн бол, үүнээс экспорт 2.4 дахин, импорт 1.6 дахин өссөн байна. Энэ бол олон улсын хэмжээнд маш өндөр үзүүлэлт юм. Нөгөө талаас экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломж байгааг харуулж байна. 

 

Дээр дурьдсанаар 6 жилийн хугацаанд нийт экспорт 2.4 дахин нэмэгдсэн тул, дараагийн 5 жилд дунд хугацаанд экспортыг багадаа  3-аас доошгүй дахин нэмэгдүүлэх бодит зорилтыг дэвшүүлж, энэ зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг маш ойлгомжтой тодорхойлж, энэ зорилтын төлөө Монголчууд бүгдээрээ бүтээлчээр хамтарч ажиллах нь зүйтэй юм.

 

Монгол улс экспортыг хөгжүүлэх бодит шаардлага нь манай улс хүн ам цөөтэй, жижиг зах зээлтэй учир хэрэглээ ихэд хязгаарлагдмал байна. Нөгөө талаас Монгол улс аж үйлдвэрийн түүхий эдийн баялагтай, газар нутаг том, зах зээл талаас нь авч үзвэл дэлхийд эхний тавд ордог БНХАУ, ОХУ-тай хөрш орон юм. Олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэж, эдийн засгийн өсөлтийг бий болгох гурван үндсэн хүчин зүйл байдаг. Энэ нь хөрөнгийн хуримтлал, ажиллах хүчний ур чадвар, технологийн хөгжлийн түвшин юм. Энэ тулгын гурван чулууг бүтээмжийн бүх хүчин зүйл (total factor productivity-ТFP) гэдэг. Дээр нь сайн засаглалыг хөгжүүлэх, төрийн захиргааны оновчтой тогтолцоог бий болгох нь чухал байна.

 

Сайн засаглалын тухайд АН-с гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, төрийн институц хоорондын ажил үүргийн уялдааг сайжруулах, парламентын засаглалыг бэхжүүлэх, шууд ардчилалыг хөгжүүлэх зэрэг чиглэлд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг УИХ-р шийдэж, цаашид энэ хуулийг баталсны дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн дунд санал асуулга явуулахаар бэлтгэж байна. Засгийн газрын байгуулагын зохистой, оновчтой бүтэц тогтолцооны тухайд 2016 оны сонгуулийн дараа Засгийн газарт Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамыг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ яам нь гадаад харилцаа эдийн засагжиж байгаа даяаршлын энэ зуунд гадаад худалдаа, экспорт, олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэх чадавхи бүхий аж үйлдвэрийн салбарын хөгжлийг хариуцах юм. Аж үйлдвэрийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй ихэнх оронд он удаан жил ийм төрийн төв захиргааны байгууллага байдаг бөгөөд, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдийн засгийн бүтэц буюу бүх ангилал болон аж үйлдвэрийн бүтэц нь нэг зоосны хоёр тал билээ. Тодруулбал Эдийн засгийн бүтэц нь хүмүүсийн амьдралд шаардагдах аж үйлдвэрийн салбараас бий болох бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэл, бараа эргэлт, ложистик, хэрэглээг нийтэд нь агуулдаг бол, Аж үйлдвэрийн бүтэц нь аж үйлдвэр буюу бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх аж үйлдвэрийн салбарын төрөл, төрөл хоорондын уялдааг илэрхийлдэг.

 

Эдийн засгийн бүх үйл ажиллагааны стандарт, аж үйлдвэрийн бүтэцжилтийн олон улсын ангилалыг НҮБ-ын стастикийн хороо 1948 онд баталж, ихэнх орон, олон улсын эдийн засгийн байгууллагууд үүнийг баримтлан ажиллаж байна.

 

Мөн гадаад худалдаа, экспорт, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих зорилготой үйл ажиллагаа нь төр хувийн хэвшлийн түншлэлд албан ёсоор суурилж явагддаг, төрийн өмчийн бие даасан хуулийн этгээд METRO (Mongolian External Trade Organization)-г байгуулж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 

METRO-гийн Үйл ажиллагааны чиглэл

 

1. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах

 

2. Хилийн чанд дахь Монгол улсын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих

 

3. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, гадаад, дотоод мэдээллээр хангах

 

4. Улс орнуудтай хийсэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилт, явцад үүргийн дагуу оролцох

 

5. ЖДҮ эрхлэгчдийн гадаад дахь бизнесийн үйл ажиллагааг дэлгэрүүлэх

 

 

Мөн Монгол улсын гадаад худалдаа, бизнесийн зөвлөхүүдийн нийгэмлэг /Association of International Business Advisers, AIBA / байгуулах хэрэгтэй.

 

Энэ нийгэмлэг нь гишүүн байгуулага болон гишүүдийнхээ гишүүний татвар, хандиваар санхүүждэг нийтийн байгууллага байх юм. Энэ нийгэмлэг нь мэдээлэл, судалгаа, шинжилгээний өөрийн сүлжээгээр дамжуулж бизнес мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

 

Хуримтлалын тухайд саяхан УИХ Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан. Хуримтлалыг нэмэгдүүлэхиийн тулд урт хугацааны бодлогод төсвийн алдагдлыг 2020 он хүртэл 2 хувиас хэтрүүлэхгүй, 2021 оноос эхлэн 0 хувь болгож хуримтлалын санд хөрөнгө төвлөрүүлж эхлэхээр заасан. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, бизнесийн зарчмаар, хараат бус, бие дааж ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор компаннийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.

 

Өнөөдрийн хөгжилтэй орнуудын туршлагаас  мэдлэгт суурилсан нэмүү өртөг ихээр шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэдэг дэвшилтэд техник технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийн салбар болон үйлчилгээний салбар руу хөрөнгө, мэрэгшсэн ажиллах хүчний шилжилт явагдаж, энэ хэмжээгээр тухайн орны бүтээмж, өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшин дээшилсэн нь илт харагдаж байна.

 



Аж үйлдвэрийн салбар нь эрдэс баялаг, хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан бүтэцтэй байгаа учир 2015 оны байдлаар нийт экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 83 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн, 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Манай экспортын гол бүтээгдэхүүн зэс, нүүрсний дэлхийн зах зээлийн үнийн уналт манай улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн салбар, иргэдийн амьжиргаанд шууд сөргөөр нөлөөлж байна. Иймд уул уурхайн салбараас орох орлогыг зөв зохистой ухаалгаар зарцуулах зайлшгүй шаардлага тулгарлаад байна. 

 

Иймээс байгалийн баялгаас бий болох орлогыг аль болох ухаалаг зөв зохистой зарцуулах, улмаар хуримтлалыг бий болгох нь эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах үндэс болох юм. Энэхүү орлогыг ард иргэддээ тэгш хүртээж чадахгүй бол баян, хоосны ялгаа улам нэмэгдэж, нийгэмд ядуурал, ажилгүйдэл бий болох эрсдэл өндөр байдаг. 

 

 

Хоёр.Эдийн засгийн тогтвортой өсөлт ба Эрдэс баялагийн салбар

 

Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөлийг авч үзье.

 

 

Уул уурхайн салбарт өнгөрсөн 3 жилд хийсэн томоохон ажлуудыг Та бүхэнд товчхон танилцуулахыг хүсч байна.

 

1. Эрдэс Баялагийн Салбарт эрх зүйн шинэчлэл хийснээр, хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, эрсдээл өндөртэй энэ салбарын эрх зүйн орчин урт хугацаанд, тогтвортой байх боломж бүрдсэн.

 

2. Бензиний худалдаа нэгдсэн бодлоготой болж, бизнесийн зарчимд шилжсэн

 

3. Газрын тосны салбарт өрсөлдөх чадвартай, таатай эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр эх орондоо олборлож байгаа газрын тосоо ашиглан газрын тос боловсруулах үйлдвэр барьж шатахуун үйлдвэрлэх нөхцөл бүрдсэн.

 

4. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт орсноор Засгийн газраас тогтоосон талбайд Хайгуулын тусгай зөвшөөрлийг солбилцолоор олгож эхэлсэн бөгөөд Эрдэс баялагийн нөөц нэмэгдэж, хариуцлагатай уул уурхай хөгжих нөхцөл бүрдсэн.

 

6. Төрийн өмчит Эрдэнэт ххк-ний ордын нөөц нэмэгдэх боломж бүрдэж ажиллах хугацаа нь үйл 25-30 жилээр, Багануур хк-ны ордын нийт нөөцийг 450 сая тонн  гаруй нүүрс буюу  65 хувиар нэмэгдүүлсэн. Энэ нөөцийн үнэ, цэнэ зах зээлийн ханшаар 9.0 орчим их наяд болж, уурхайн ажиллах хугацаа 40-45 жилээр уртсах боломжтой болсон.

 

7. Элс хайргыг хайх, олборлох, ашиглуулах зөвшөөрөл олгох эрхийг орон нутагт шилжүүлсэнэнээр их бүтээн байгуулалтыг хурдацтай явуулах нөхцөл бүрдсэн.

 

8. Эрдэс баялагийн салбарын орлогоос орон нутагт хувиарлагдах   орлогын хэмжээ нэмэгдсэн.

 

9. Монголын алт Монголдоо үлддэг боллоо.Алтны худалдааны ил тод байдлыг бий болгох зорилгоор 2013 онд “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталснаар өмнөх жилүүдийн дунджаас 2014 онд 2.7 дахин, 2013 онд 3.3 дахин их алт Монгол банкинд тушаагдаж,энэ хэмжээгээр гадаад валютын нөөц нэмэгдсэн.

 

10. Монголын геологийн институт олон эрдэс баялагийн нөөцийн байгууулагад бүртгэгдэж, ордын нөөцийн тайланг олон улсын стандартын дагуу гаргадаг болж, манай геологичид олон улсын хэмжээнд ажиллах боломжтой болж, ордыг ашиглахад шаардагдах хөрөнгийг олон улсын санхүү, хөрөнгийн зах зээлээс татахад хялбар дөхөм болсон.

 

11.Газрын тос боловсруулах үйлдвэрийг татварын бодлогоор дэмжих болсон.Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хуульд оруулж "Газрын тос боловсруулах, занар болон нүүрснээс хий, шингэн түлш гарган авах үйлдвэрийн зориулалт бүхий технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх"болсон.

 

Монгол улс дэд бүтэц, эрчим хүчний хангамжийн асуудлаа бүрэн шийдсэн, сэргээгдэх эрчим хүчний нөөцөө хөгжүүлж, эдгээрийн үр дүнд зам, тээврийн сүлжээ нь хөгжлийн гол бүсүүдэд бүрэн хүрсэн байхаар зорьж байна. 2030 он хүртэл эрдэс баялгийн түүхий эдээ эцсийн боловсруулалт хийн экспортолж, уул уурхайн салбарын гадаад зах зээлд өрсөлдөх чадвараа өсгөж, дотоодын нүүрс, газрын тос, занарын нөөцөөс түлш, шатахууны өөрийн хэрэгцээг хангадаг болсон байна. 

  ​​

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан Өрсөлдөх чадварын 2015-2016 оны тайланд дэлхийн 140 орноос Монгол Улсыг 104-т эрэмбэлсэнээр хөгжлийн анхан шатандаа байгаа орон хэмээн тодорхойлжээ. Уг тайланд дурдсанаар макро эдийн засгийн орчин, институцийн чанар, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжил, бизнесийн боловсронгуй байдал, зах зээлийн хэмжээ, инноваци зэрэг хүчин зүйлс манай улсын өрсөлдөх чадварыг хойш нь татаж байна. Дэд бүтцийн хөгжлийн түвшинг тодорхойлдог суурь үзүүлэлтээрээ буюу дэд бүтцийн ерөнхий чанар, авто замын, агаарын тээврийн дэд бүтцийн зэрэг чанараараа манай улс 112-т орсон байна. 

 

Монгол улс Өрсөлдөх чадварын индекс болон нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр 4.500 ам.долларт хүрч, Байгалын болон малын гаралтай түүхий эдийн хүчин зүйлд суурилсан хөгжлийн үе шатны ангилалд багтаж байна. Хөгжлийн энэ шатанд байгаа орон байгалийн баялагийн нөөцтэй ч өндөр мэргэшсэн ажиллах хүчнээр дутмаг, технологийн түвшин доогуур учир, технологийн болон нэмүү өртөгийн багтаамж багатай, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр өрсөлддөг, хөдөлмөрийн бүтээмж бага, цалингийн түвшин доогуур байдаг.

 

Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал/2016-2030 он/-д аж үйлдвэрийн салбарт Аж үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацид суурилан хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх.Үүнд

 ​

1-р үе шатанд (2016-2020)  нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 15 хувьд хүргэж, бүтээмжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологи, инновацид суурилсан үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгох, экспортыг дэмжих, импортыг орлуулах аж үйлдвэрийн бодлого баримтлах.

 

​2-р үе шатанд (2021-2025) нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 25 хувьд хүргэж, импортыг орлуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт Тогтвортой хөгжлийн зорилт-Эдийн засгийн тогтвортой хөгжил 30 техник, технологи, инновацид суурилсан үйлдвэрлэлийн шинэ салбаруудыг хөгжүүлж, дундаж ба өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх.

 

​3-р үе шатанд (2026-2030) бүтээмжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологи, инновацид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийг бий болгож, дундаж ба өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэрлэлийн нийт экспортод эзлэх хувийн жинг 50-д хүргэх

 

Уул уурхайн салбарт

 

1. Геологийн салбарын хөгжлийг дэмжинэ. 

 

2. Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьсан.

 

2014-2015 оны статистик үзүүлэлтээс харахад эрдэс баялгийн салбарын Монгол улсын эдийн засагт нөлөөлөөх байр суурь нэмэгдэж, эдийн засгийн тулгуур салбар хэвээр байна. Зөвхөн 2014 оны байдлаар ДНБ-ий 18,7%, улсын төсөвт оруулах орлогын 21,9%, нийт экспортын 81%-ийг тус салбараас бүрдүүлэв. Монгол улсын эдийн засаг 2014 онд 7,1% өссөн ба түүний 70-аад хувь нь уул уурхайн салбарт ноогдож байна. Үүнээс харахад эрдэс баялагын ялангуяа нэмүү өртөг шингэсэн эрдэс баялагийн экспорт манай улсын хөгжилд чухал ач холбогдолтой байгаа нь тодорхой бөгөөд ойрын 10-20 жилд энэ байдалд өөрчлөгдөхөөргүй байна.  

 

Гурав.Эдийн засгийн тогтвортой өсөлт ба Эрчим хүчний салбар 

 

Мөн эрчим хүчний салбарт 

 

1.Эрчим хүчний хэрэгцээг дотоодын найдвартай, тогтвортой эх үүсвэрээр бүрэн хангаж, цахилгаан эрчим хүч экспортлох, 2030 он гэхэд эрчим хүчний цэвэр экспортлогч орон болох. Гэхдээ эрчим хүч экспортолж эхлэх хугацааг наашлуулах бүрэн боломж бий.

 

2.Сэргээгдэх эрчим хүчний нийт эрчим хүчинд эзлэх хувийг нэмэгдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах бэлтгэлийг хангах, 2030 онд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30 хувьд хүргэх зорилт тавигдсан.

 

 

Азийн бүс нутагт эрчим хүчний хэрэглээ цаашид жилийн 2.4 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.Азийн улс орнуудын газрын тосны өөрийн нөөцөөр хэрэглээгээ хангах хувь хэмжээ багасч, энэ хэмжээгээр нөөц харьцангуй ихтэй нүүрсний хэрэглээ ихэсч, импортлох хэмжээ өсөх болно.

 

Эрчим хүчний гол эх үүсвэрийн нэг шатдаг занарын нөөцийг одоогоор 788 тэрбум тонн гэж тооцоолсон бөгөөд энэ нь Монгол орны шатдаг занар тархсан талбайн дөнгөж 19 хувьд л хийгдсэн судалгаанд үндэслэсэн тоо юм. Иймд Монгол улс шатдаг занарын нөөцөөрөө Саудын Арабын түүхий газрын тосны нөөцөд дөхөж очихоор байна гэж хэлж болох талтай.

 

Төлөвлөснөөс богино хугацаанд эрчим хүчний эдгээр түүхий эдийн олборлолт ашиглалтыг эрчимжүүлсэнээр цахилгаан эрчим хүч,хийжүүлсэн түлшний гол экспортлогч орон болох боломж дүүрэн байна.Ази тив бусад тивүүдээс эрчим хүчний түүхий эдийн нөөцөөр хамгийн бага буюу 60 жилийн нөөцтэй,хамгийн их нь европ тив 260 жилийн нөөцтэй, энэ дотор ОХУ багтаж байна. Монгол улс Азидаа эрчим хүчний нөөцөөрөө тэргүүн эгнээнд орж байна. Мөн УИХ 2012-2016 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /2015.06.19/, Эрчим хүчний   хэмнэлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулга/2015.09.15/, Сэргээгдэх Эрчим хүчний үйлддвэрийн тоног төхөөрөөмийг гааль, НӨАТ/2015.11.26/ чөлөөлөх тухай хуулиудыг батлаад байна. 

 

Эцэст нь Монгол хүн бол үндэсний жинхэнэ баялаг нь юм.Эндээс аж үйлдвэржсэн, экспортын,эдийн засгийн тогтвортой өсөлттэй Монгол улсаа мандуулан хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл нь хүний хөгжил, тодруулбал Бүтээлч Монгол хүн  Цаашилбал Итгэл төгс Монгол улсаа хөгжүүлэхэд Бүтээлч Монгол Хүний хөгжил, харилцан нөхсөн бүтээлч хамтын ажиллагаа юунаас ч чухал байх болно гэдгийг тэмдэглэх байна.