АНУ-ын уулыг тахисан суу ухаан

2016 оны 3 сарын 7

Шашин шүтэх эрхийг чөлөөтэй болгосноор сүүлийн хорь гаруй жилд Монголын уламжлалт бөө, бурхны шашин ихээхэн дэлгэрсэн. Тэр дундаа мухраар шүтэх, цаад мөн чанарыг нь гүйцэд ойлгохгүйгээр хоосноор даган шүтэх нь олширсон билээ. Тэгвэл эртний овог төрлийн байгууллын үе буюу одоогоос 5000-7000 жилийн тэртээ бөө мөргөл үүссэн бөгөөд хөгжлийн хэд хэдэн үе шат дамжсан, дээд их тэнгэр, дэргэдэх газар усны эзэд, дээдсийнхээ сүнсийг онголон тахидаг, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл, тодорхой зан үйл, ёс жаягтай шүтлэг гэж судлаачид үздэг.

Харин бүхнийг өөрийнхөөрөө, монголчуудын оюун ухааны хүчээр бий орчлон хорвоогийн юмс бүхэн бүрэлдсэн гэж тайлбарладаг болсон Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, физикч, философич, монгол судлаач, З.Бат-Отгон АНУ-д уул тахиж дуулиан тарилаа.

АНУ-д суугаа монголчуудтай хамтран Калифорни мужийн Шасти уулыг тэрээр тахижээ. Чухамхүү ямар учир шалтгаанаар энэхүү уулыг тахисан эсэх нь тодорхойгүй аж. Энэ тухай сошиал ертөнцөд тусдаа хэлэлцүүлэг өрнөөд эхэлсэн бөгөөд зарим нь “АНУ-д суугаа монголчуудаа уул, усных нь савдгуудад даатгасан” гэх нэгэн байгаа бол “Хаа холын газарт мод огтолж, гал асааж байж шоронд орох вий” гэж болгоомжлуулах нэгэн ч байна.

Ямартай ч өмнө нь УИХ-ын нэгэн гишүүн таван одтой зочид буудалд галын тахилга хийх гэж байгаад зочид буудлаасаа хөөгдсөн тухай дуулиан дэгдэж байсан бол энэ удаад харин уулыг тахиж ярианы сэдэв болов. Сүүлийн үед олны анхаарлыг татах гэсэн нэгэн нь гэнэтийн сонин, гаж үйлдэл хийж, түүнийгээ дүрсжүүлэн тараадаг моод дэлгэрээд байна. З.Бат-Отгоны хувьд энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх яриа өмнө нь гарч байсан нь худлаа биш бололтой. Ямартай ч АНУ-д уул тахиж шуугиан тариад амжив. Тэрээр эх орондоо ирсэн хойноо энэ тухай нарийн учраа тайлбарлах биз ээ.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна