Нийслэлийн хөрсний бохирдлыг хэлэлцэж байна

2016 оны 3 сарын 7

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны Академийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган хамтран өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт  хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Тус хэлэлцүүлгийн зорилго нь Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эх үүсвэр, бохирдлыг бууруулах асуудлыг шийдэх оновчтой гарцыг олох явдал юм. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эх үүсвэр, хөрсний бохирдлоос үүдэн хүн амын эрүүл мэндэд учирч буй хортой нөлөөллийн талаар эрдэм шинжилгээний  байгууллагуудын гаргасан сүүлийн үеийн судалгаа, бохирдлыг шийдэхийн тулд практикт нэвтрүүлж эхэлж буй зарим боломжит арга замын талаархи судалгаа шинжилгээнд суурилсан үр дүнгийн тухай илтгэлүүд тавигдах юм.

Хурлаар ШУА-ийн Геологи-газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батхишиг, П.Оюунбат нар “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн түвшин”, НЭМХ-ийн Орчны эрүүл хор судлалын төвийн дарга А.Энхжаргал “Гэр хорооллын нүхэн жорлон, хөрсний бохирдол”, “ШУА-ийн Хими-химийн технологийн хүрээлэнгийн Инкубатор төвийн захирал Ч.Батсүх “Хөрсний бохирдлыг бууруулах зарим шийдэл” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ.

Судалгаагаар 2014 оны байдлаар Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдолтын ерөнхий түвшин дундаж хэмжээнд байгаа бөгөөд алаг цоог байдлаар тархсан хар тугалга, хром, цайрын бохирдолт ажиглагдаж байна. Арьс ширний үйлдвэр орчим хром зонхилсон хар тугалга, кадми, цайрын бохирдолт багагүй талбайг хамарч байна. Мөн хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт их байна. Тухайлбал: Нарантуул захын арын хаалганы орчмоос авсан хөрсний дээжинд аммони агууламж хамгийн их 21.07мг/кг гарсан ба бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байна.

Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байгаа бөгөөд энэ нь гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой юм. Бохирдлыг багасгахын тулд хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллыг багасгах, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, иргэд олон нийтийн ухамсрыг дээшлүүлэх зэрэг удаан хугацааны цогцолбор арга хэмжээ шаардлагатай байна.

Уг хэлэлцүүлэгт төр засаг, мэргэжлийн байгууллагын төлөөлөл болох  Нийслэлийн Засаг даргын тамгын газар, БОНХЯ, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчлал хэмжил зүйн газар, иргэд, эрдэмтэн судлаачид болон ард иргэдийн төлөөлөл оролцоно.

Уг хэлэлцүүлгээс төр захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага, иргэддээ хандсан зөвлөмж гаргах аж.

Зөвлөмжид Улаанбаатар хотын хөрс үйлдвэрийн болон ахуйн бохирдол, автомашины тос, нүүрсний үнс, цэвэрлэгээний элдэв химийн бодис их хэмжээгээр хэрэглэж байгаа зэргээс шалтгаалан аюултай хэмжээнд хүртлээ бохирдсонтой холбоотойгоор хөрсний бохирдлыг бууруулахын тулд түүнийг эрүүлжүүлэх, нөхөн сэргээх, хөрсний эко-системийг сэргээх бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг хэрэглэх нь нийслэл хотын экологийг сэргээх гол анхдагч арга хэлбэр гэдгийг холбогдох байгууллагуудад уламжлах талаар тусгуулах аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна