"Пэпси лиг"-ийн наймдугаар тойрог өндөрлөлөө

2016 оны 3 сарын 7

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Пэпси” брэндтэй хамтран зохион байгуулж буй футзалын “ПЭПСИ ЛИГ” нэгдүгээр сарын есны өдөр эхэлж ийнхүү найм дахь тойргийг үзээд байна. Одоогийн байдлаар түрүүлэх багийн нэр тодорхой биш байгаа ч гэсэн гурван багийн дунд өрсөлдөөн гарах нь дамжиггүй юм. Ингээд өнгөрөгч амралтын өдрүүдээр ямар тоглолтууд болж өнгөрсөнийг тоймлон хүргэж байна.

Лигийг цор ганцаар манлайлж байсан “Улаанбаатарын Унаганууд” клүб энэ тойрогт “Баянгол ФС” багтай хүч үзлээ. “Унаганууд” клүбийн тамирчин Э.Ганзориг болон П.Алтантулга нар “Баянгол ФС” багийн дасгалжуулагч хийдгийг хөлбөмбөг сонирхогчид сайн мэднэ. Тэгвэл уг тоглолтыг П.Алтантулга өнжиж харин Э.Ганзориг “Унаганууд” багаа магнайлан тоглосон юм.  Тэд ч энэ тоглолтоос хүссэн үр дүн болох хожлын гурван оноогоо авж чадсанаар 24 оноотойгоор лигийг ганцаар манлайлсан хэвээр үлдлээ. Ердөө ганцхан ялалт ялагдлын зөрүүтэй Эрдэнэт хотын “Хангарьд” клүб тэдний ард бичигдэж байгаа юм.  Ирэх долоо хоногт “Дэрэн” клүбтэй тоглох хуваарьтай байна.

Энэ тойрогт Эрдэнэт хотын “Хангарьд” клүб амарч харин “Соёмбын Барсууд” клүб дараалсан тоглолтыг хийж байгаа. Тэд бямба гарагт “Эрчим” клүбийг 12-6 харьцаатай ялсан бол ням гарагт тун ганган тоглолтыг үзүүлж “ФС Улаанбаатар” багийг ялсанаар 6 оноотой болж хүснэгтийн байрлалаа огцом ахиулж чадлаа. Учир нь тэд өмнөх зургаан тоглолтоос нэг ч оноо авж чадаагүй байсан юм. Ямартай ч Д.Энхтүвшин дасгалжуулагчтай “Барсууд” өөрсдийн тоглолтоо олж давхар багаа ч сэргээж чадлаа. Үлдсэн тойргийн тоглолтуудаа тун эвгүй хийх дүр зураг эсрэг багуудад ажиглагдсан гэдэгт итгэлтэй байна.

Пэпси лигийн наймдугаар тойргийн онцлох нэгэн тоглолт нь “Дэрэн” болон “Хоромхон” гэсэн хүчирхэг багуудын дунд боллоо. Лиг дэх эзлэх байр суурь болоод чанар чансааг харахад тус багууд өндөр темптэй тоглолт үзүүлэх нь ойлгомжтой байлаа.  “Хоромхон” тоглолтын эхнээс л эсрэг багаа биеийн хүчээр илүүрхэж өөрсдийн боломжоо алдалгүй ашиглаж чадсанаар 6-1 гэсэн маш том давуу талыг үүсгэсэн. Харьцангүй залуу тамирчдаас бүрдсэн “Дэрэн” клүб сэтгэлээр унах аюултай байсан ч Б.Гарьдмагнай гэсэн туршлагтай ахлагч байгаа нь тэдний давуу тал боллоо. Улмаар өрсөлдөгч багаа алдааны асуудалд оруулж тоглолтын эцэс хүртэл тэмцэлдэн 40 дэх минутанд тэнцээний гоолыг оруулж энэ тойргоос тэнцээтэй буцлаа.  Харин лигт хоёр ялагдаад байсан “Хоромхон” клүбт энэхүү тэнцээ нь хүндхэн нөхцөл байдлыг авчирч байна. Учир нь “Унаганууд” нэг ч оноо алдаагүй бол “Хангарьд” ердөө ганцхан ялагдалтай л яваа. Тэргүүлэгчийн асуудал ээдрээтэй хэвээр.

Хамгийн их өрсөлдөөнтэй, хамгийн ихээр үзэгчдийг шуугиулсан, хамгийн гэсэн тодотголтой тоглолт нь “Улаанбаатарын Мазаалайнууд” болон “Сэлэнгэпресс” клүбүүдийн тоглолт байлаа. Харилцан довтолсон олон гоолтой тоглолт болсон бөгөөд шүүгчийн шүглийн дуу бүхнийг шийддэг гэдгийг харуулсан тоглолт болсон билээ. Хэдийгээр эхний хагасд 7-3 харьцаатай тэргүүлж байсан “Сэлэнгэпресс” клүб өөрсдийн тэргүүллээ хадгалж чадсангүй олон гоолыг алдаж ижилхэн 8-8 болон тэнцсэн юм. Энэ үед “Мазаалайнууд” баг хожлын гоолыг оруулсанаар лиг дэх ээлжит нэгэн ялалтаа байгуулж чадсан юм. Энэ гурван оноо тоглолт дуусахаас ердөө гурван секундын өмнө тэдэнд иржээ.

Тэгвэл энэ тойрогт тэргүүлэгчдийн өрсөлдөөнөөс нэг баг хасагдлаа. “Арвис” клүб шаардлагагүй олон алдаа гаргасны эцэст ялагдлаа. Тэд долоон тойргийн дараачаар дөрөв хожиж, гурав хожигдоод байсан юм бөгөөд энэ удаа “Континетал” багийн өмнө хүчин мөхөсдлөө.  Ялалт байгуулсан “Континентал”  сэлгээний ганцхан тамирчинтай тоглосон ч 7-5 харьцаатай ялж чадлаа. Энэ нь тэдний лиг дэх гурав дахь хожлын оноо болж байгаа юм. Х.Ислам болон Ч.Бат-Эрдэнэ нар тус бүр гурван гоол хийж гангарсан бол К.Давид мөн нэг гоолыг оруулжээ. Лиг эхлэхэд өнгөтэй байсан “Арвис” клүбийн залуус бага зэргийн туршлага дутаж байгаа нь харагдаж байна. Гэхдээ тэдэнд дахин гурван тоглолт хийх боломж бий. Тэд үлдсэн тоглолтоо ялалтаар дуусгахад хүснэгтийн дээгүүр өрсөлдөх боломж дүүрэн байна. 

Лигийн хүснэгтийн найман тойргийн дараачаар "Улаанбаатарын Унаганууд" нэг ч ялагдалгүй, тэнцээгүйгээр тэргүүлж байгаа бол "Хангарьд" клүб удаалж "Дэрэн" тэдний араас бичигдэж байна. Харин мэргэн буучдын жагсаалтын "Хоромхон" клүбийн довтлогч Н.Наранболд 25 гоол оруулсанаар дахин тэргүүлж эхэллээ. Тэрээр өөрийн өмнө гараад байсан "Хангарьд" клүбийн залуу тамирчин О.Мижиддоржыг ийнхүү гүйцсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна