Талийгаачдыг хэзээ нас барсныг тогтооно

2016 оны 3 сарын 7

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цэлмэг" хотхоны гадаа хучлагатай автомашинаас хэзээ өөд болсон нь мэдэгдэхгүй хоёр хүний цогцсыг саяхан олжээ. Уг машин шинэ оноос хойш тус газарт хучлагатай байсан гэдгийг оршин суугчид хэлж байгаа бөгөөд гуравдугаар сарын 5-ны өдрийн шуурганаар хучлага нь салхинд хийсч, машин дотор хоёр цогцос байгаа нь мэдэгджээ. Цогцсыг анх харсан иргэд цагдаад мэдээлэл өгсөн байна.  

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг хэн болохыг тогтоосон бөгөөд хэзээ юуны учир ийн нэг дор нас барсныг тогтоохоор цагдаагийнхан болон шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн шалгаж эхэлжээ. Нас барсан хүмүүс нэг гэрийнхэн биш ажээ. Эл хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм байна.

Түүнчлэн өчигдөр буюу гуравдугаар сарын 7-ны өдөр "Сод Монгол" шатахуун түгээх станцын түгээгчийг зодож, 300 мянга гаруй төгрөгийн орлогыг  гар утастай нь дээрэмдсэн хэрэг Төв аймгийн Аргалант суманд гарчээ. Гэмт этгээдүүд жижиг цагаан машин унаж явсан байна. Дээрэмчдийн тухай мэдээллийг улсын хэмжээнд зарлаж, гэмт этгээдүүдийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс баривчлан саатуулжээ. Дээрмийн хэрэгт  21 настай, эрэгтэй Д, 18 настай эрэгтэй Б, О, Г, Ч нарыг шалгаж эхэлсэн байна.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна