Ираны тэрбумтан цаазын ял сонсжээ

2016 оны 3 сарын 7

 

Ираны тэрбумтан Бабак Занжани эдийн засгийн гэмт хэрэгт буруутгагдан цаазын ял сонсчээ. Тэрбээр компаниараа дамжин орж ирсэн олон тэрбумын газрын тосны орлогыг хувьдаа завшсан хэрэгт буруутгагдан 2013 онд баривчлагдсан аж. Түүнтэй хамт өөр хоёр хүнийг цаазын ялаар шийтгэж, завшсан мөнгөө буцаан төлөхийг тушаасан байна.

 

Өдгөө 42 настай Бабак Занжани нь Ираныг олон улсын газрын тосны хоригоос бултахад тусалсан хэргээр АНУ болон Европын холбооны хар жагсаалтад багтсан байжээ. Тэрбээр Махмуд Ахмадинежадын үед Ираны газрын тосыг гадаадад худалдахад голлох үүрэг гүйцэтгэж байсан гэнэ. Түүний сүлжээ компаниуд 2010 оноос хойш Арабын нэгдсэн Эмират, Турк, Малайзад олон сая баррель газрын тосыг Ираны засгийн газрын өмнөөс худалджээ. Бабак Занжани нь гоо сайхны бараа, аялал жуулчлал, банк санхүү зэрэг бараг бүх салбарт 60 гаруй компанитай аж. Тэрбээр 13.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй боловч нэлээд хэмжээний өртэй гэнэ. Бабак Занжани газрын тосны орлогоос олсон 2.7 тэрбум ам.долларыг Ираны засгийн газарт төлөх ёстой аж.

 

Үүний зэрэгцээ цөмийн хөтөлбөрийн гэрээ батлагдаж, эдийн засгийн хориг цуцлагдсанаас хойш өнгөрсөн ням гаригт /III.6/ анх удаа Иранаас Европын холбооны гишүүн Испанид түүхий нефть  нийлүүлсэн байна. Иран нь Испанид нэг сая баррель түүхий нефть нийлүүлжээ. Газрын тосны хориг тавигдахаас өмнө Иран нь таван баррель түүхий нефть тутмын нэгийг нь Европын орнуудад худалддаг байсан аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна